50 жил багшилсан багшийн алдрыг тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2013.09.05-нд нийтлэгдсэн

50 жил багшилсан багшийн алдрыг тэмдэглэв

Говь нутгийн нэг л сургуульд насаараа хагас зуун жил хаашаа ч явалгүй багшилсан Дуламын Дамба багшийнхаа алдрыг шавь нар нь тэмдэглэж баяр хүргэлээ.

МУИС-ыг 1958 онд төгссөн залуу багш төрсөн нутаг Өмнөговь аймгийн Даланзадгад хотын нэгдүгээр дунд сургуулийн монгол хэл, уран зохиолын багшаар томилогдон ирж тавин жил ажиллахдаа, сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч хийлгэх санал удаа дараа гарч байсан ч зөвхөн хичээлээ зааж, 5 удаа 10-р анги, нэг удаа 8-р ангийг дааж төгсгөжээ. Ганцхан сургуульд дагнан багшилсан ийм багш тун ховорхон. Д.Дамба багшийн шавь нараас Монгол Улсын гавъяат цолтон, эрдэмтэд, урлаг, соёлын нэртэй зүтгэлэн, хөдөлмөрийн сайчууд 50 гаруй хүн төрж гарчээ. 

Монгол бичиг сургалтын хөтөлбөрт ороогүй байсан тэр жилүүдэд өөрөө санаачлан үндэсний бичгээ сурагчиддаа 32 жил тасралтгүй дугуйлангаар заасны ачаар бүх шавь нар нь уншиж бичиж сурчээ. Эх хэлээ нандигнан зөв цэвэр ярихыг сургасныг шавь нар нь дагаж мөрдөн, ажиллаж амьдарч байгаа газар бүртээ хамгийн хичээнгүй гоё бичигтнээр гайхагддаг байсан жишээ олон бий. Хичээл бүрийг сэтгэлээсээ зааж, амьдрал дээр буулгаж ойлгуулан сурагчдаар өөрсдөөр нь хийлгэж мэдрүүлснээр, хамгийн баттай мэдлэг суулгаж өгдөг сургалтын энэ арга нь, орчин цагийн хийнгээ суралцах хувилбар байсныг боловсролын мэргэжилтнүүд өндөр үнэлэв.

Ө.РАГЧААСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж