
Бүгд найрамдах Беларусь улстай цэрэг-техникийн хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын Зэвсэгт хүчний зэвсэглэл, техникийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн сэргээн сайжруулах, засварлах, шаардлагатай сэлбэг хэрэгсэл нийлүүлэх чиглэлээр ашигтай, оновчтой, хямд хувилбарыг сонгож хэрэгжүүлэх, Монгол Улсын батлан хамгаалах салбарын гадаад хамтын ажиллагааг ижил төстэй загвар стандартын зэвсэглэл, техник үйлдвэрлэдэг улсуудтай өргөжүүлэн хөгжүүлэх, түүний дотор цэрэг-техникийн хамтын ажиллагаатай орнуудын тоог нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Энэ үүднээс мөн өдрийн үдээс хойш Монгол Улсын Батлан хамгаалах яамны харьяа Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл болон Беларусь улсын “Белспецвнештехника” гадаад худалдааны улсын үйлдвэрийн газрын хооронд хамтран ажиллах тухай гэрээнд Батлан хамгаалахын сайдын зөвлөх, БХАҮН-ийн Ерөнхий захирал Л.Ариунболд, “Белспецвнештехника” ГХУҮГ-ын Ерөнхий захирлынг нэгдүгээр орлогч А.И.Гринник нар Батлан хамгаалах яамнаа гарын үсэг зурлаа.
Түүнчлэн БХЯ-ны Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл болон БНБеларусь Улсын “БЕЛАВТОМАЗ” компаний хооронд хамтран ажиллах тухай гэрээнд Батлан хамгаалахын сайдын зөвлөх, БХАҮН-ийн Ерөнхий захирал Л.Ариунболд, “БЕЛАВТОМАЗ” компаний Ерөнхий захирал В.А.Основский нар гарын үсэг зурсан юм.
Монгол Улсын Батлан хамгаалах яамны харьяа Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл нь БХЯ, ЗХЖШ-ын хэрэгжүүлж буй бодлогыг дэмжих, захиалгат даалгавруудыг гүйцэтгэх, түүний зэрэгцээ аж ахуйн тооцоон дээр үндэслэн үйл ажиллагаа явуулдаг.
Тус нэгдэл нь БНБеларусь улсын ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтран ажиллах гэрээг байгуулснаар Зэвсэгт хүчний цэргийн зэвсэглэл, техникийн шинэчлэл, засварлах, сэргээн сайжруулах болон иргэний чиглэлээр, түүний дотор Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр автобус, троллейбус угсрах, үйлдвэрлэх ажлуудыг хамтран хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байна.
