У.Мөнх-Эрдэнэ, З.Энхзориг нар “тулалдана”

Хуучирсан мэдээ: 2013.09.04-нд нийтлэгдсэн

У.Мөнх-Эрдэнэ, З.Энхзориг нар “тулалдана”

Насанд хүрэгчдийн 2013 оны боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 64 кг-ийн жинд Монгол Улсыг төлөөлөн оролцох эрхийн төлөө Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, ОУХМ З.Энхзориг нар есдүгээр сарын дундуур спаринг буюу сорил хийхээр болжээ.  Монгол Улсын шигшээ багийг бүрдүүлэх дүрмээр бол Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн тамирчин Дэлхийн аваргад оролцох эрхтэй байдаг ч Монголын боксын холбооноос Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, З.Энхзориг /2013 оны УАШТ-д түрүүлсэн/ нарын дунд сорил явуулж, хэн ялсныг нь ДАШТ-д оролцуулахаар шийдвэрлээд байсан юм.

Энэ шийдвэртэй холбоотойгоор зарим тамирчин, дасгалжуулагчдын дунд үл ойлголцох байдал үүсч, У.Мөнх-Эрдэнэ “Сорил хийх шаардлагагүй” гэсэн мэдэгдэл хийгээд байсан ч холбооны удирдлагууд болон тамирчид ярилцаад есдүгээр сарын 20-д хавьцаа хоёр тамирчны дунд сорил хийхээр эцсийн байдлаар тогтоод байна.

Монголын боксын шигшээ багийн тамирчид бэлтгэл хангагчдын хамт маргааш Орхон аймаг дахь “Сэлэнгэ” амралтад нэгдсэн бэлтгэлд гарах бөгөөд уг цугларалтад З.Энхзориг, У.Мөнх-Эрдэнэ нар хоёул хамрагдаж, холбооноос товлосон хугацаанд сорил хийнэ. Хоёр жил тутамд болдог сонирхогчдын боксын ДАШТ энэ жил Казахстаны Алматы хотноо аравдугаар сарын 11-27-нд үргэлжлэх юм.

Хэдийгээр холбооны зүгээс албан ёсоор ДАШТ-д оролцох тамирчдын нэрсийг гаргаагүй байгаа ч урьдчилсан байдлаар дараах тамирчдын нэрс яригдаж байгаа ажээ.

  • 49 кг – Г.Ган-Эрдэнэ,
  • 52 кг – Х.Энхдэлгэр, 
  • 56 кг – Н.Төгсцогт, 
  • 60 кг – Д.Отгондалай, 
  • 64 кг – ?
  • 69 кг – Б.Түвшинбат, 
  • 75 кг – Б.Шинэбаяр, 
  • 81 кг – С.Эрдэнэбаяр


Б.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж