Тэрээр цэцэрлэгийн үйлчилгээ эрхэлж буй хувийн хэвшлийнхэнтэй өчигдөр Төрийн ордонд уулзалт ярилцлага хийсэн бол маргааш /2013.09.05/ МҮЭСТ ордонд эцэг, эхчүүдтэй уулзаж санаачилсан хуулийн төслийнхөө талаар танилцуулж санал бодлыг нь сонсох юм байна.
Бага насны хүүхдээ хамруулах цэцэрлэг хүрэлцээгүйн улмаас өнөөдөр 30 гаруй мянган ээж эзэмшсэн мэргэжил, мэдлэг боловсролоо зэврүүлэн гэртээ сууж байгаа гэсэн судалгааны дүнг С.Ганбаатар гишүүн дурдаад, энэ хууль нь зайлшгүй батлагдах ёстой “Амин хууль” учраас хууль батлагдахад хүн бүрийн оролцоо чухал хэмээн үзэж эцэг, эхчүүдтэй хийх уг уулзалтад ихээхэн ач холбогдол өгч байгаагаа хэллээ.
Цэцэрлэгийн үйлчилгээ эрхэлж буй хувийн хэвшлийн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрх зүйн орчныг баталгаажуулан Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж “Хүүхэд харах үйлчилгээ”-ний ерөнхий зохицуулалтыг хуульчилснаар өнөөдрийн байдлаар цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа, амь нас, эрүүл мэнд нь эрсдэлд орж болзошгүй бага насны 60 орчим мянган хүүхдийг асрах, хамгаалах, зохих түвшинд хүмүүжүүлэх үйлчилгээний шинэ төрөл бий болохын зэрэгцээ бага насны хүүхдээ харах хүнгүйн улмаас хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа эцэг эх, асран хамгаалагч нар тодорхой хөдөлмөр эрхлэх боломжтой болж гэр бүлийн байнгын, баталгаатай орлоготой болох нөхцөл бүрдэх юм. Түүнчлэн үйлчилгээний ийм шинэ төрлийг эрхлэх сонирхол бүхий иргэд байнгын тогтвортой ажлын байртай болж, амьжиргааны баталгаа нь хангагдах юм байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.