“Тони Блейр” сантай 5 чиглэлд хамтарч ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2013.09.04-нд нийтлэгдсэн

“Тони Блейр” сантай 5 чиглэлд хамтарч ажиллаж байна

Ч.Сайханбилэг: “Тони Блейр” сантай 5 чиглэлд хамтарч ажиллаж байна

Англи Улсын Ерөнхий сайд асан Тони Блейртэй холбоотой хэвлэлээр гарч буй зарим ташаа мэдээлэлд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг тайлбар хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Шинэчлэлийн Засгийн газар олон улсын сан, байгууллага, бусад орнуудын Засгийн газар болон төрийн бус байгууллагуудтай хамтран олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг.

Английн Ерөнхий сайд асан Тони Блейр улстөрийн карьераа дуусгасны дараагаар өөрийнхөө нэрээр сан байгуулсан. Тус сан дэлхийн 20 гаруй улсын Засгийн газартай хамтарч ажилладаг. Ерөнхий сайд байхдаа хэрэгжүүлж байсан бодлого, тэр үеийнхээ туршлага, мэдлэгийг бусад улсын Засгийн газарт зөвлөдөг. Жилийн өмнө Монгол Улсын Засгийн газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хамтарч ажиллах санал тавьж, ямар чиглэлээр хамтрах тухай санал асуусан гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг хэллээ.

Боловсрол, эрүүл мэнд, ажлын байр нэмэгдүүлэх, орон сууцны санхүүжилт, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд ажиллах саналыг “Тони Блейр” сан хүлээн зөвшөөрч гэрээ байгуулаад ажиллаж байна. Нэг жилийн хугацаатай ажиллах бөгөөд энэ чиглэлүүдээр холбогдох сайд, албаны хүмүүстэй уулзаж зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа. Тони Блейр энэ нэг жилийн хугацаанд төслийнхөө шугамаар манай улсад гурван удаа ирэхээр төлөвлөсөн. Ажил эхэлж буй учраас төслийнхөө ажлын эхлэл, бэлтгэл ажилтай танилцаж энэ есдүгээр сарын 7-8-нд манай улсад ажиллана гэдгийг Ч.Сайханбилэг дарга хэлээд үүнд нууцлах зүйл байхгүй. Манайд хэрэгжиж буй 100 гаруй төсөл, хөтөлбөрийн нэгийнх нь удирдагч  Тони Блейр юм гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж