Монгол Улс БНСУ-ын хамтын ажиллагааны хүрээнд Монгол орны нөхцөлд тохирсон ус цэвэршүүлэх системийг нутагшуулах төсөл энэ оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлэсэн. Энэ ажлын хүрээнд БНСУ-ын буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн 58 дугаар сургуульд ус цэвэршүүлэх тоног төхөөрөмж суурилуулж байгаа бөгөөд өнөөдөр сургуулийн захиргаанд хүлээлгэн өгөх үйл ажиллагаа боллоо. Уг үйл ажиллагаанд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ, төлөөлөгч Э.Ганбат, Засаг даргын орлогч Л.Амарзаяа болон Солонгос улсын төлөөлөл, “Монгол Ус” ТӨҮГ-ын хамт олон 58 дугаар сургуулийн багш, сурагчид оролцсон байна.
Уг систем нь хоногт 24 тонн ус цэвэршүүлэх хүчин чадалтай, усан дахь бактерийн бохирдол болон магнийн хатуулгийг бууруулах зорилготой хлоржуулах станц, элсэн шүүлтүүр, хэт ягаан туяаны халдваргүйжүүлэгч зэрэг үндсэн төхөөрөмжүүдтэй юм. Төвлөрсөн системд холбогдоогүй гэр хороололд үйлчилгээний төв, сургууль цэцэрлэг, хоолны газрууд үйл ажиллагаа явуулахын хэрээр бохир ус хөрсөөр дамжин гүний усанд орсноор газрын доорх ундны усны эх үүсвэрийг маш их хэмжээгээр бохирдуулдаг байна. Тиймээс энэхүү ус цэвэршүүлэх төхөөрөмжийг суурилуулснаар тус сургуулийн багш ажилчид, сурагчид цэвэр усаар хангагдах боллоо. Цаашид олон газар уг төслийг хэрэгжүүлэхээр “Монгол Ус”ТӨҮГ, БНСУ-ын багтай хамтран ажиллаж байна гэж Сүхбаатар дүүргийн Хэвлэлийн албанаас мэдээллээ.