“Рио Тинто” Оюутолгойн нөөцийг барьцаанд тавих гэж байв уу?

Хуучирсан мэдээ: 2013.09.04-нд нийтлэгдсэн

“Рио Тинто” Оюутолгойн нөөцийг барьцаанд тавих гэж байв уу?

-Эх сурвалжийн мэдээллээр бол “Рио Тинто” компани олон улсын санхүүгийн зах зээлээс хөрөнгө босгохын тулд Оюутолгойн нөөцийг барьцаанд тавих сонирхолтой байгаа юм байна-

Оюутолгой төслийн хоёрдугаар ээлж буюу далд уурхай байгуулах ажилд шаардагдах хөрөнгө оруулалт гэрээнд зааснаас нэмэгдсэн гэх асуудлаас үүдээд Засгийн газар “Рио Тинто”-той хэл амаа ололцох, эсэхдээ хүрээд буй. Энэ асуудлаар өнгөрсөн хавар Улаанбаатарт хоёр талын төлөөлөл уулзалт хийснээс хойш нааштай үр дүн харагдахгүй байсаар намартай золгоод байгаа нь энэ.  Асуудалд ахиц гарахгүй ийн удах тусам үүнд хэн нэг буруутан олж, хариуцлага тооцох ёстой гэсэн хандлага газар авч, эцэст нь хэрэгжлээ. Эхлээд Оюутолгой ХХК 1700 монгол ажилчнаа халсан, дараа нь Засгийн газар “Эрдэнэс-Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирлыг сэлгэсэн, удаад нь ТУЗ дэх гишүүдээ өөрчиллөө. Үр дүн нь юу байх юм бол?

Оюутолгой төслийн үйл ажиллагаа удирдлагуудын харилцаа, хандлагын зөрчлөөс үүдэн гацаанд орсон бол тэднийг өөрчилснөөр үр дүн хүлээж болох л байх. Гэвч энэ удаад асуудал хувь хүмүүсийн харилцаанаас үүдэлтэй төдий биш, үүнээс ч ноцтой зүйл ард нь байгаа аж.

“Рио Тинто” компанийн зүгээс төслийн хоёрдугаар шатны хөрөнгө оруулалтын зардлыг яагаад нэмэгдүүлснээ тайлбарлах ёстой гэж Засгийн газар шаардсан ч хамтрагчид ямар хариу өгсөн нь олон нийтэд ойлгомжгүй, тодорхойгүй байсаар ирсэн. Тэгвэл эх сурвалжийн мэдээллээр бол “Рио Тинто” компани олон улсын санхүүгийн зах зээлээс хөрөнгө босгохын тулд Оюутолгойн нөөцийг барьцаанд тавих сонирхолтой байгаа юм байна. Хоёрдугаарт, тус компани эхний шатны хөрөнгө оруулалтад гаргасан зардлаа хоёрдугаар шатны хөрөнгө оруулалтын төсвийг нэмэх замаар буцаагаад нөхөж авах сонирхолтой байгаа  аж. Энэ тохиолдолд нэмэгдэж байгаа зардлыг хоёр тал адилхан үүрнэ, гэхдээ Монголын тал зээл хэлбэрээр үүрэх учраас ирээдүйд төлөх өрийн дарамт маань л нэмэгдэнэ гэсэн үг юм.

Монголын Засгийн газар “Оюутолгой” компанийн 34 хувийг эзэмшигч. Энэ утгаараа анхны хөрөнгө оруулалтын 34 хувийг ч бас гаргах ёстой гэсэн зарчим дээр үндэслэж гэрээ байгуулагдсан. Гэвч Монголын талд өнөөхөндөө хөрөнгө оруулалтын зардлын 34 хувийг гаргах санхүүгийн чадавх байхгүй учраас хамтрагчаасаа үүнийг зээл хэлбэрээр аваад буй. Тийм ч учраас хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэхийн хэрээр Монголын талын зээлийн хэмжээ нэмэгдэж байгаа. Ийм тохиолдолд төслийн зардал, хөрөнгө оруулалт нэмэгдэх нь Монголын талд яавч таатай хэрэг биш.

“Оюутолгой” ХХК-ийн Монголын Засгийн газарт хамаарах 34 хувийг эзэмшдэг “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлаар ажиллаж байсан Ц.Сэдванчиг албан тушаалаасаа чөлөөлөгдсөнийхөө дараа хэвлэл мэдээлэлд нээлттэй хандаж, асуудал өөрт нь байгаагүй гэдгийг олон нийтэд ойлгуулахыг хүссэн. Гэхдэээ “жинхэнэ” асуудал нь юу болохыг хэлэхгүй, тойрч өнгөрсөн. Мөн хоёр хоногийн өмнө "Оюутолгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээсээ татгалзсан П.Цагаан “…хэлж, ярьж болохгүй асуудлууд ч бий…” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон. Тийм “нууц” асуудлуудын нэг нь “Рио Тинто” Оюутолгой ордын нөөцийг барьцаанд тавих гэсэн оролдлого бололтой.

З.БОРГИЛМАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж