Ойн цэвэрлэгээг Богд уулаас эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.09.04-нд нийтлэгдсэн

Ойн цэвэрлэгээг Богд уулаас эхлүүллээ

Ойн түймэр, өвчин, хөнөөлт шавьжнаас урьдчилан сэргийлэх зорилгоор ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх ажлыг Богдхан уулаас эхлэн зохион байгуулахыг БОНХ-ийн сайд С.Оюун, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ нарт Засгийн газрын энэ оны гуравдугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаар даалгасан. Энэ хүрээнд Богд уулын Төр хурахын амны хязгаарлалтын бүсийн 71 дүгээр хэсгийн 35 га талбайд Монгол цэрэг-жуулчин” ТӨҮГ ойн цэвэрлэгээг хийж байгаа аж.

Ойн цэвэрлэгээг есдүгээр сарын 20-нд дуусгаж, нөхөн сэргэлтийн ажлыг эхлүүлэх бөгөөд 10 мянган шинэс модны суулгац суулгахаар бэлтгэжээ. Энэ ажлыг олон нийтэд хүргэх зорилгоор “Ойн цэвэрлэгээ-2013” үзүүлэх сургалтыг Төр хурахын аманд өчигдөр зохион байгуулсан байна. Үзүүлэх сургалтын нээлтэд БОНХЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн С.Дашдаваа, Байгаль хамгаалах сангийн захирал Ш.Пүрэвсүрэн, Богдхан уулын хамгаалалтын захиргааны дарга Д.Шинэхүү, “Монгол цэрэг-жуулчин” ТӨҮГ-ийн дарга хурандаа генерал М.Жаргал, “Нарны ногоон навч” ТББ-ын тэргүүн Б.Чимид болон бусад албаны хүмүүс оролцов.

Ойн цэвэрлэгээ, арчилгааны ажил их зардал шаарддаг учраас байгууллагууд төдийлөн ач холбогдол өгч хийдэггүй. Харин сүүлийн жилүүдэд төрөөс тодорхой хэмжээний төсөв зарцуулж эхэлжээ. Ойгоо хортон шавьжнаас хамгаалж, түймэр гарсан тохиолдолд бага талбай хамруулах, хохирол бага амсахын тулд унанги моддыг цэвэрлэх ажлыг хийх шаардлагатай байдаг. Ойн мэргэжлийн байгууллагын хийсэн тооцоогоор Төр хурахын аманд хийх ойн цэвэрлэгээний ажлын явцад 1100 шоометр хэрэглээний болон түлээний мод бэлтгэн авахаар тогтоожээ. Ойн цэвэрлэгээ хийх ажлын зардлыг бэлтгэсэн модны борлуулалтаас санхүүжүүлэх бүрэн боломжтой байдаг тул нэмэлт хөрөнгө гаргах шаардлагагүй гэж үзсэн байна.

Богдхан уул 1996, 1997 онд түймэрт өртөж хөвдөөрөө шатаад моддын үндэс суларчээ. Тиймээс салхи шуурганд амархан хугарч, унанги модод ихэссэн байжээ. Унанги моддыг цэвэрлэснээр хортон шавьж үүрлэх, үржих нөхцөлийг бууруулж, түймэр гарсан тохиолдолд их талбайг хамруулахгүй унтраах ач холбогдолтой. Ойн аж ахуйн талаасаа бүх унанги модыг цэвэрлэнэ гэсэн ойлголт байдаггүй аж. Зарим газарт ойн цэвэрлэгээ хийснээр хуурайшилт нэмэгдэх тохиолдол байдаг тул ойн мэргэжлийн байгууллага цэвэрлэгээ хийх болон хийхгүй газрыг зааж өгдөг байна. Харин унанги моддыг цэвэрлэхэд байгальд учруулах сөрөг нөлөөлөл их бол огт “гар хүрээгүй нь” дээр байдаг аж.

Цаашид Тусгай хамгаалалттай газар нутагт ойн цэвэрлэгээ хийх шаардлагатай 40 мянган га талбай байна. Энэ удаагийн цэвэрлэгээ дээрх талбайн нэг хувьд хүрэхгүй байгаа ч том ажлын эхлэл боллоо. Арчилгааны огтлол: залуу шигүү ургасан ойг сийрэгжүүлэх зорилгоор хийдэг. Арчилгааны огтлолыг хийхгүй бол модлогийн чанар мууддаг. 10-20, 40-100 нас хүртэл арчилгаа хийх ёстой. Арчилгааны огтлолыг манайд 1990 оноос өмнө хийж байсан. Тэр үед ойн бүхэл бүтэн том системтэй байсан. Арчилгааны цэвэрлэгээгээр гарсан мод ямар нэгэн үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах хэрэгцээг хангадаггүй.  Тиймээс энэ ажлыг хийж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад ашиггүй байдаг тул одоо үед гардан хийх сонирхол байдаггүй. Ойн чанар чансааг сайжруулахын тулд өнгөрсөн жилээс ойд арчилгааны огтлол хийх ажлыг төлөвлөгөөтэй хийж эхэлж байна. Монгол орны хувьд ойн арчилгааны огтлол, цэвэрлэгээ хийх шаардлагатай асар их газар бий.

Б.БАТ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж