Багш нар БНСУ-д мэдлэг дээшлүүлэв

Хуучирсан мэдээ: 2013.09.04-нд нийтлэгдсэн

Багш нар БНСУ-д мэдлэг дээшлүүлэв

БНСУ-ын ерөнхий боловсролын болон дээд сургуулиудад ажиллаж, туршлага судлахаар явсан 25 багш өнөөдөр сургалтын үр дүнгээ танилцууллаа.

Эдгээр багш нар Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Солонгос улсын Боловсролын яам хоорондын боловсрол, шинжлэх ухааны салбарт 2012-2014 онд хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд Юнескогийн Ази, Номхон далайн орнуудын ойлголцлын боловсролын байгууллага (APCEIU)-тай хамтран хэрэгжүүлж буй “Багш солилцооны хөтөлбөр”-ийн хүрээнд туршлага судлахаар явсан юм.

Өнөөдөр болсон тайлангийн хуралд Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын захирал Г.Сүглэгмаа болон Ази, номхон далайн орнуудын ойлголцлын боловсролын байгууллагын төлөөлөл оролцлоо. БШУ-ны дэд сайд Б.Ургамалцэцэг энэ үеэр “2012 оноос эхэлсэн Багш солилцооны хөтөлбөрт өмнө нь сургуулийн нийгмийн ажилтан, дарга, захирлууд оролцож байсан бол энэ удаад яг хүүхэдтэй тулж ажилладаг бага, дунд, ахлах, тусгай хэрэгцээт боловсролын сургуулийн болон хөдөө орон нутгийн багш нар явсанаараа илүү давуу талтай” хэмээн онцолсон юм. Боловсролын салбар нь өндөр хөгжсөн оронд илгээлтээр явж ажилласан багш нар эх орондоо ирээд шууд хэрэгжүүлж болох олон олон арга туршлага хуримтлуулж авсанаа энэ үеэр танилцуулсан байна. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас цаашид багшийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх арвин өгөөжтэй энэхүү хөтөлбөрийг Япон улстай хамтран хэрэгжүүлэхээр зэхэж байгаа ажээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж