Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан нэг жилийн хугацаанд Ерөнхий сайд 21 аймгаас 16-д нь өөрийн биеэр хүрч очин ажил байдалтай нь танилцжээ.
Тэрбээр “Аймгуудад очиж ажиллахад нийтлэг нэг зүйл ажиглагдсан зүйл аймаг бүрт “Хөгжлийн төлөвлөгөө” гэх зурагтай зузаан ном байх ч түүнийгээ амьдралд хэрэгжүүлсэн нь бодитой бус. Зардал бүрийг нь улсаас даадаг болохоор том зүйл барьж байвал санаа нь амардаг. Гэтэл барилга байшин томрох хэрээр зардал өсдөг. Тэр тусмаа өнгөрсөн хугацаанд төрийн байгууллага бүр тус, тусдаа байшин барьсан. Энэ нь цаашлаад харуулаас эхлээд үйлчлэгч гээд олон хүн шаарддаг. Тэр хэрээр зардал өсдөг. Тиймээс ирэх жилээс төсвийн байгууллага бүр барилга байшин барьж, тансагладаг байдлыг таслан зогсоохоо мэдэгдлээ. Үүний оронд иргэдийнхээ амьдралд наалдах зүйлийг эхлүүлсэн нь оновчтой. Одооноос эхлээд аймаг бүр амьдралд хэрэгжих хөгжлийн төлөвлөгөөг гаргах. Түүнд хаанаа 1000 айлын орон сууц, хаанаа хаус хороолол байгуулахаа төлөвлөхөө яс тас гаргах ёстой” гэсэн юм.
Засгийн газраас ирэх жил аймаг бүрт 1000 айлын орон сууц барихад дэмжлэг үзүүлэх юм байна. Ингэхдээ дэд бүтцийг нь татахад хөрөнгө гаргана. Харин орон сууцыг барилгын компаниуд гүйцэтгэнэ. Засаг дарга нарын хувьд аль компаниар орон сууцаа бариулбал найдвартай, чанартай гүйцэтгэх вэ гэдгийг одооноос эхлэн бодож ажиллах ёстой. Тэрчлэн цэвэрлэх байгууламжийн асуудлыг ч орхигдуулж болохгүй гэдгийг Ерөнхий сайд анхааруулав. Мөн аймгуудад дулааны станц байгуулах бодлогыг Засгийн газрын төвшинд барьж байгааг сануулаад, тулгамдсан асуудлаа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргад бичгээр уламжлах ёстой гэх үүргийг тэрбээр аймгуудын Засаг дарга нарт өгснөөр энэ удаагийн цахим хуралдаанаа өндөрлүүлэв.
Гэхдээ цахим хуралд Сангийн яам, Боловсролын яам, Эрүүл мэндийн яамны холбогдох албан тушаалтнууд оролцсон учраас Засаг дарга нар зарим асуудлаа тэдэнд уламжиллаа. Тухайлбал, сургууль, цэцэрлэг баригдаагүй, хугацаандаа буюу хичээлийн шинэ жил эхлэхээс урьтан ашиглалтад орох төлөвлөгөөтэй байсан ч санхүүжилт удааширсан, нэг бол хөрөнгө оруулалт хийгдээгүйгээс ажил зогссон байгааг санууллаа. Жишээ татвал, Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд 75 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг, Улаанхус суманд сургуулийн дотуур байрууд ашиглалтад орох байсан ч хөрөнгө мөнгөгүйгээс ажил нь урагшлаагүй аж. Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 320 хүүхдийн сургуулийн танхим баригдах ёстой ч эхлээгүй, аймгийн төвд 50 ортой амаржих газар баригдах байсан ч энэ зун ажил нь яваагүй. Завхан аймагт 30 ортой халдвартын эмнэлэг баригдаж байсан ч санхүүжилт зогссоноос ажил гацаанд орсон. Мөн санхүүжилт саатсанаас тус аймгийн төсөвт байгууллагууд Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлж чадахгүй их хэмжээний өр үүссэн, Их-Уул суманд модон гүүр нурж унасан, шинээр гүүр барьж байгаа ч ажил нь явдаггүй. Гурван гүйцэтгэгч сольсон. Салбар хариуцсан яаманд хандсан ч арга хэмжээ авдаггүй, зам тавьж байгаа компани нь чанартай гүйцэтгэдэггүй, үүнээс болж өнөөдрийн байдлаар эхнээс нь тавьсан замуудыг хуулахаас аргагүй болсон. Үндсэндээ тендэрт шалгарсан компаниуд ажлаа цаг хугацаандаа хийдэггүй, нэг бол давхар ажил хийгээд хариуцсан ажлаа хаяад явдаг, эсвэл чанаргүй ажил гүйцэтгэдэг зэрэг алдаа дутагдал гаргасаар байгаа нь Ерөнхий сайдын хэлсэнчлэн орон нутагт хариуцлагагүйн зуд нүүрлэхэд нөлөөлөөд байна гэж Завхан аймгийн удирдлага энэ үеэр мэдэгдлээ.
Сангийн яамны зүгээс “Хөрөнгө мөнгө байхад нь яаман дээр бариад өгөхгүй байгаа юм биш. Татварын орлого төлөвлөсөн хэмжээндээ төвлөрөхгүй байгаагаас асуудал үүсч байгаа. Энэ долоо хоногт багтан Ерөнхий сайдтай эл асуудлыг хэлэлцэж чадвал чиглэл өгнө. Түүний дараагаас санхүүжилтийг шийдэх болно” гэсэн хариулт өгсөн юм.