Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын хэлснээр Монгол Улсын Засгийн газраас Их Британийн ерөнхий сайд асан Тони Блэйрийн үүсгэн байгуулсан “Тони Блэйр сан”-тай таван төсөл дээр хамтран ажиллахаар гэрээ байгуулсан юм байна.
Их Британийн ерөнхий сайд асан Тони Блэйр өдгөө улс төрийн ямар нэг албан тушаал хашдагүй бөгөөд өөрийн үүсгэн байгуулсан сангаар дамжуулан бусад улс оронтой хамтран ажилладаг гэдгийг тэрбээр онцлов. Түүний үүсгэн байгуулсан “Тони Блэйр сан” нь нийт 30 гаруй оронд хөрөнгө оруулалт, тусламж үзүүлэх зорилгоор төсөл хэрэгжүүлэхэд хамтран ажилладаг байна. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас тус сантай боловсрол, эрүүл мэнд, ажлын байр, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд хууль зүйн зөвлөгөө авах, моргейжийн зээлийг дэмжих зэрэг чиглэлд хамтран ажиллахаар нэг жилийн хугацаатай гэрээ байгуулжээ.
“Тони Блэйр сан” Монголын Засгийн газарт хамтран ажиллах саналыг өмнө тавьж байсан бөгөөд үүнийг нь Засгийн газрын хэрэг эрхлэх газар ярилцаад, дээрхи таван чиглэлд хамтран ажиллах шийдвэр гаргасныг ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг хэллээ.
Одоогоор “Тони Блэйр сан”-гийн гурван төлөөлөгч Монголд ажиллаж байгаа бөгөөд Их Британийн ерөнхий сайд асан Тони Блэйр есдүгээр сарын 7, 8-нд өөрөө Монголд хүрэлцэн ирж, сангийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаатай танилцах юм байна.
Хэвлэлийн бага хурлын төгсгөлд ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг “Сүүлийн үед “Рио Тинто” компани болон Монгол Улсын Засгийн газар хоорондын асуудлаас болж Тони Блэйр Монголд зөвлөгөө өгөхөөр ажиллаж байгаа гэсэн мэдээлэл цацагдаж байгаа. Бид анх нэг жилийн гэрээ байгуулахдаа “Рио Тинто” компанитай ашиг сонирхлын зөрчил байхгүй байна гэсэн шаардлага тавьж, олон улсын хууль зүйн актын дагуу хамтран ажиллахаар гэрээ байгуулсан. Тиймээс “Тони Блэйр сан”-гийн тэргүүн Тони Блэйрийн бидэнтэй хийсэн гэрээ, хамтын ажиллагаа “Рио Тинто”-той холбоогүй болохыг албан ёсоор хэлмээр байна” гэдгийг онцолсон юм.