Хуучирсан мэдээ: 2013.09.04-нд нийтлэгдсэн

Гэрээ би дандаа л орхиод гардаг. Гунигтайхан шинжтэй үлддэг ч миний гэх бүхнийг ард минь батлан даагаад намайг ирэх цагийг хүлээн байна. Миний гэрийнхэн ба миний энерги, эрчим шингэсэн гэр. Тэр намайг байхгүйд юу “хийдэг” бол. Гаднаас орж ирэхэд нэгэн хэвийн, дулаахнаар хүлээж авдаг ч миний эзгүйд тэр мөрөөдөлтэй минь уулзаж, ирээдүйд гараас хөтлөх үрстэй минь хамт тоглож, унтуулж, дуу дуулж өгч, өдөр нь намайг муу хүн, муу үйлтэй тааралдахаас хамгаалан авралын шившлэг хийж суудаг байх.

Миний гэрийн хана, тааз, хаалганы бариул, булан бүрт миний эрчим, баруун, солгойгүй амандаа дуулдаг дуу минь хүртэл уусан шингэж, бүхэл бүтэн ертөнцийг бүтээж, толгой эргэм их бодол маань гэрийн дээд, доод агаарт сөргөлдөн, эвцэлдэнэ. Шөнө зүүрмэглэн өрөөгөө харахад харанхуйд босч зогссон шүүгээ, хөшиг, тавиур дээр тавьсан тогосын өд намайг муу зүүднээс, сөрөг энергиэс хамгаалан байх юм. Тээгэлдэж унахад, өрөөний хаалганы үзүүрт хөлийнхөө хурууг цохиж үг дуугүй уруулаа хамхин, дотроо чарлан газраар тарахад ч энэнээс өөр хаана унах билээ. Бусдын бүтээсэн, өөр хүний энерги шингэсэн зай, талбайд унаж байгаа биш дээ. Энд л би бясалгаж, энд л би хүүхэд шиг инээж, бодол согтуурхаж, амьсгаа алдангидаж үхэдхийн унах цагт өлгийдөн авах гэр орон минь. Бүхэн байраа сольж, урван тэрслэлийн сүүдэрт мөргүүлж, өөрийгөө танихгүй махан бие үлдсэн ч байрандаа байж л байх миний гэр орон. Гэртээ муу бодолтой, шархалсан сэтгэлтэй орохыг хүсэхгүй. Энерги минь булингартана. Муу бүхнийг үүднийхээ гадаа орхино. Гэр минь намайг дуудаад байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж