&#34Хөрөнгө оруулагчдыг гадаад, дотоод гэлтгүй дэмжинэ&#34

Хуучирсан мэдээ: 2013.09.04-нд нийтлэгдсэн

&#34Хөрөнгө оруулагчдыг гадаад, дотоод гэлтгүй дэмжинэ&#34

УИХ-ын дарга З.Энхболдтой эдийн засгийн асуудлаар ярилцлаа.

-Эдийн засаг хямарлаа гэж хэлэх судлаач байхад ер нь л дэлхий нийтээрээ иймэрхүү байна гэсэн тайлбар өгөх хүн ч байна. Таны хувьд Монголын эдийн засаг хямарсан уу, эсвэл…?

-Эдийн засгийн өсөлт буурч, ажил нь багасаад ирвэл хямрал гэж үздэг л дээ. Өнөөдөр манай эдийн засаг 11 хувийн өсөлттэй байна. 3000 ажлын байр шинээр бий болчихсон. Ийм байхад хямрал гэж ярих нь өрөөсгөл хэрэг. Харин эдийн засгийн хүндрэл гэж нэрлэж болно. Юмыг муухай харагдуулах гэсэн хүмүүс хямрал боллоо, үхлээ хатлаа гээд байгаа.

-Гэхдээ гадаадын хөрөнгө оруулалт буурсан, экспортын орлого эрс багассан гээд бодитой шалтгаанууд байгаа. Хамгийн том жишээ гэхэд уул уурхайн салбар хэцүүхэн байна?

-Мэдээж хүндрэлүүд бол байна. УИХ нийт ард түмний хүсэл бодлын толь л доо. Уул уурхай арай л их байна, лицензийн наймаа гаарлаа, байгаль орчин бохирдуулж байна, ерөөсөө лиценз олголтыг зогсоо гэдэг шаардлага 2008, 2012 оны Улсын их хуралд хүчтэй нөлөөлсөн. Ерөнхийлөгч зарлиг гаргаж лиценз олголтыг зогсоосон. Тэгэхээр уул уурхайн салбарын уналтыг төрийн бодлогоор, сонгогчдынхоо захиалгаар хийсэн гэж хэлж болно. Тэр бүхний үр дүн өнөөдөр ингэж хуримтлагдаж гарч ирж байна л даа. Хөрөнгө оруулалт нэг л өдөр зогсчихоогүй.

Ашигт малтмалын лиценз хориотой хэвээр байгаа. Олгосон лицензүүдээрээ Монгол Улс хөгжих бүрэн боломжтой учраас нэмж лиценз олгох шаардлагагү гэж үзэж байна. Цаг зуурын бэрхшээл үүссэн үү гэвэл үүссэн. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ бүх нэр төрлөөрөө буурсан. Үүнийг дагаад гадаад худалдааны эргэлт муудаж байгаа. Нэг тонн нүүрс зараад 100 ам.доллар олдог байсан бол одоо нэг тонн нүүрс зараад 50 ам.доллар олж байна. Тэгэхээр нүүрсээ өмнө гаргадаг байсан хэмжээгээрээ экспортолж зарсан ч гэсэн олдог орлого нь хоёр дахин багассан гэсэн үг. Гадаадын хөрөнгө оруулалт эрс буурсан. Шалтгаан нь Оюутолгойтой холбоотой. Энэ төсөл хоёр үе шатттай. Эхний шатны хөрөнгө оруулалт нь дууссан. Ил уурхайд дахиж хөрөнгө оруулах шаардлагагүй, ажиллаад эхэлчихсэн. Монгол Улс “Эрдэнэт”-ийн хэмжээний бүтээгдэхүүн гаргадаг ил уурхайтай болоод байна. Далд хэсгээс зэсийн хүдэр гаргаж ирэхэд дараагийн шатны хөрөнгө оруулалтыг зарахаар байгаа. Хөрөнгө оруулалтын хувьд тоон дээрээ тохиролцохгүй байна. Ил уурхайн хөрөнгө оруулалтын тоон дээр ч гэсэн тохиролцож чадахгүй байгаа. Монголд оруулсан хөрөнгө оруулалт гэж юуг хэлэхийг Монгол Улсын хуулинд маш тодорхой заагаад өгчихсөн. Хуулиараа бол бодитойгоор орж ирсэн хөрөнгө оруулалтыг л хөрөнгө оруулалтад тооцдог. Дэлхийн хаа нэг газар гаргасан зардал тооцогдох боломжгүй. Ерөөсөө хууль нь тийм юм.

-Монголд орж ирсэн хөрөнгө оруулалт гэдгээ тодруулаач?

-Хил гаалиар нэвтэрсэн тоног төхөөрөмж, Монгол Улсад ажилласан хүний цалин Монголд хийсэн хөрөнгө оруулалтад тооцогдоно. Монгол Улсад ажиллаагүй хүний цалинг хөрөнгө оруулалтад тооцохгүй. Хөрөнгө оруулагчдын төсөлд зарцуулж байгаа мөнгөний гуравны нэгийг нь бид өөрсдөө төлөх учир Оюутолгойн хөрөнгө оруулалтыг сайн шалгаж байгаа. Оюутолгойн хөрөнгө оруулалтыг дагаж орж ирдэг, туслан гүйцэтгэх компаниудын ажил зогсоон. Учир нь тэднээр дахиж ажил хийлгэх шаардлагагүй байгаа. Тэнд явагдсан цомхотгол зайлшгүй зүйл байсан. Оюутолгойн хөрөнгө оруулалт тасралтгүй үргэлжлэх боломжгүй. Дахиад хэлье. Учир нь эхний шатны хөрөнгө оруулалтын ажил буюу ил уурхайн бүтээн байгуулалт дууссан. Одоо далд уурхайгаа ашиглаж эхлэх хоёр дахь үе шат хүлээгдэж байгаа. Үүнийг дагаад гадаадын хөрөнгө оруулалт буурсан.

-Таны өмнө онцолсон уул уурхайд хандах сөрөг хандлага ч энэ салбарын уналтад нөлөөлсөн байх?

-Уул уурхайд хандах сөрөг хандлага угаасаа жил бүр уул уурхайн гадаадын хөрөнгө оруулалтыг бууруулсаар ирсэн. Тэрэн дээр нь нэрмээс болсон нэг хууль бий. Өнгөрсөн жилийн тавдугаар сард батлагдсан Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль гадаадын хөрөнгө оруулалтыг бүр цаашлуулахад хүргэсэн. Өөрөөр хэлбэл гадаадын хөрөнгө оруулалт буурахад нөлөөлсөн том шалтгаан. Хоёрдугаарт гадаад худалдаа буурсан. Гуравдугаарт төсөв алдагдалтай байна. Их өөдрөгөөр төсөөлж баахан орлого орж ирнэ гээд өчнөөн зарлага биччихсэн. Орлого нь бүтээгүй. Зарлага нь ч бүтээгүй. Цаг үеийн, тодорхой шалтгаантай ийм гурван бэрхшээл байна. Дахин хэлэхэд энэ бол эдийн засгийн хямрал биш хүндрэл. Яаж засах вэ гэдэг аргыг нь УИХ, Засгийн газар хайж байгаа.

-Эдийн засгийн хүндрэлээс гарах эхний том гарцыг ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр товлосон Хөрөнгө оруулалтын хууль гэж харж байна. Энэ хууль яг ямар агуулга, хэлбэрээр гарах вэ?

-Монгол Улс хөрөнгө оруулалтыг том, жижиг, гадаад, дотоод гэж ангилж үзээд зөвхөн гадаадын хөрөнгө оруулалтад нь зориулсан хуулийг 1995 онд баталсан. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай гэсэн нэг хууль бий. Сүүлд УИХ-аас баталсан Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хууль гэж байна. Энэ хоёр хуулийг орлохуйц шинэ хууль гаргах гэж байгаа юм. Зарчим нь маш энгийн. Ямар ч хөрөнгө оруулагчийн хамгийн их эмээдэг нэг зүйл бий. Татвар нь 10 хувь байна гэж бодоод хөрөнгөө оруулаад явж байтал, хөрөнгө оруулалтаа нөхөж ч амжаагүй үед нь хууль өөрчлөгдөж татвар нэмэгдэх нь тэдний хувьд асар том эрсдэл. Хөрөнгөө оруулах үед 10 хувь байсан татвар 20 болоод өсчихвөл оруулсан хөрөнгөө буцааж авах боломжгүй болно. Ямар ч хүн оруулсан хөрөнгөө нөхөж олж авч, олон жил тогтвортой ажиллаж хөрөнгө оруулалтынхаа үр шимийг хүртэх гэж л хөрөнгөө оруулдаг. Гадаад, дотоод, том, жижиг ялгаагүй бүх л хөрөнгө оруулагчийн зорилго ерөөсөө энэ. Түүнээс биш Монгол Улсад буян үйлдэх гэсэн нэг ч хөрөнгө оруулагч байхгүй. Татвар болон бусад эрх зүйн орчин тогтвортой байх нь хөрөнгө оруулагчийн хамгийн их сонирхдог зүйл. Улс орнууд үүгээрээ өрсөлддөг. Харамсалтай нь манай улс 68 хувийн татвар гэх мэт хууль санаачлаад хөрөнгө оруулалтын орчноо тогтворгүй болгож ирсэн байдаг. Ингээд байвал хэн ч хөрөнгөө оруулахыг хүсэхгүй нь тодорхой. Хөрөнгөө оруулах гэж байгаа хүмүүст “оруулсан хөрөнгө чинь эрсдэлгүй, явцын дунд гарсан хууль та нарт үйлчлэхгүй” гэсэн баталгааг УИХ шинэ хөрөнгө оруулалтын хуулиараа өгөх гэж байна. Таван сая төгрөгийн хөрөнгө оруулалттай талхны цех байна уу, таван тэрбум долларын хөрөнгө оруулалттай Оюутолгой байна уу, ялгаа гүй хөрөнгө оруулсан хэмжээгээр нь тогтвортой байдлаар хангагдана. Таван сая төгрөг оруулсан талхны цех нэг жилийн дотор хөрөнгө оруулалтаа нөхөөд авчихна гэж үзвэл нэг жилийн баталгаа, Оюутолгой шиг том хөрөнгө оруулалттай төслийн тухайд 30 жилийн баталгаа олгох ч юм уу, баталгаа өгсөн жилд нь хууль өөрчлөгдсөн ч үйл ажиллагаанд нь нөлөөлөхөөргүй болгох гэж байна. Хөрөнгө оруулсан хэмжээ, харгалзах, тогтворжих хугацаа бүхий хүснэгттэй хууль гаргах гээд байна л даа. Таван сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийх талхны цехийн эзэн оруулсан хөрөнгөө баталгаажуулаад ирвэл бүртгээд л явуулчихна. Учир нь бүртгэлийн байгууллага бол зөвхөн бүртгэдэг. Зөвшөөрөл өгдөггүй.

-Гадаадын төрийн өмчтэй компани бол зөвшөөрөл авах агуулгатай заалт шинэ хуулийн төсөлд бий. Баталгаа өгөх хугацаа нь хувийн өмчтэй компанитай адилхан уу?

-Гадаад улсын төрийн өмчийн компани ямар нэгэн газар хөрөнгө оруулъя гэж байгаа бол зөвшөөрөл авна. Гэхдээ зөвшөөрөгдсөн тохиолдолд тогтвортой байдал амлах хугацааг нь адилхан хэмжээгээр бодсон.

-Бондын мөнгийг тодорхой салбаруудад зараад эхэлчихсэн. Үр өгөөж нь хэзээ гарах вэ?

-Хүмүүс бондыг бодитой барьж үздэг хөрөнгө оруулалт талаас нь хараад байна л даа. Гэхдээ бонд орж ирсэн цагаасаа өнөөдрийг хүртэл манай санхүүгийн системийн тогтвортой байдлыг хадгалсаар байгаа. Санхүүгийн системд сайнаар нөлөөлж байна. Ажил болж байгаа хэсэг бол авто зам, барилгын материалын үйлдвэр байна. Үр дүн нь хамгийн багадаа хоёр жил, цаашлаад тав, арван жилээр хэмжигдэнэ.

-Бондын мөнгөний дэмжлэг авсан төсөл бол байшин үйлдвэрлэх комбинат. Угсармал байшин гэхээр хүмүүс оросуудын олон жилийн өмнө барьсан дулаанаа амархан алддаг, чанар муутай барилгаар төсөөлөөд байх шиг. Одоо орж ирэх үйлдвэр хуучныхаас юугаараа давуу вэ?

-Орос өөрөө манайх шиг БҮК-1, 2 (Байшин үйлдвэрлэх комбинат) гэдэг үйлдвэртэй байснаа бүгдийг нь Германы технологиор сольсон. Евро стандартын дулаан алддаггүй, боломжийн үнэтэй, олноор нь нэгэн зэрэг барьж болдог технологи руу шилжсэн. Манай улс л хамгийн сүүлд шилжих гэж байгаа. Энэ үйлдвэр баригдсанаар гурав, дөрөвдүгээр хороолол шиг маш олон байшинг нэг дор барьж болно. Гэхдээ мэдээж евро стандартаар. Дулаан эрчим хүч бага зарцуулдаг, дулаанаа алддаггүй байшингууд ирэх жилээс баригдаж эхэлнэ. 30 хувийнх нь хөрөнгийг бондын мөнгөнөөс төлсөн байгаа. Евро стандартыг хангасан гэхээр чанар нь ойлгомжтой. Үүний том давуу тал нь бид тэр евро стандартыг өөрийн болгож авна. Барилга барьдаг улсуудыг нь Германы техник мэргэжлийн сургуульд сурч байгаа стандартаар эндээ бэлдэнэ. Зураг төсөл хийдэг компаниуд гэхэд л ийм стандартын зураг төсөл хийх ажилд суралцана. Энэ мэтээр угсармал барилгыг дагалдах бүх дэд бүтэц нь Монголд орж ирнэ.

-Тэгэхээр дараа жилээс орон сууцны олдохгүй, олдохгүйгээсээ болж үнэ нь өснө гэх зовлонгүй болох нь ээ?

-Үйлдвэр баригдсанаар жилд 10-15 мянган айлын орон сууц барих хүчин чадалтай болно. Одоогийн хүчин чадал жилд 25 мянга байгаа. Тэгэхээр нийтдээ 40 мянган айлын орон сууц жил бүр ашиглалтад ороод байх боломжтой гэсэн үг. Энэ бол хангалттай хэмжээ.

-Барилгын үнэ өсөөд байгаагийн нэг шалтгаан нь цемент. Үндэсний компаниуд цементийн үйлдвэрийн хэд хэдэн том төсөл хэрэгжүүлээд эхэлчихсэн. Зарим нь удахгүй ашиглалтад орох гэж байна. Хятадын хөрөнгө оруулалттай цементийн үйлдвэр ажиллаж эхлэх нь гэсэн мэдээлэл нэг хэсэг цацагдсан. Ер нь өөрсдөө хийж чадах зүйл дээр заавал гадаадын хөрөнгө оруулалт гэх шаардлага байна уу?

-Барилгын материалын тухайд бид өмнө нь үйлдвэрлэж чаддаг байсан. Социализмын үед цементийн хоёр ч үйлдвэр байсан. Хувийн үйлдвэрүүд удаан босч байна л даа. Хөтөлийн үйлдвэр шинэчлэгдээд ажиллаж хэлж байна. Байрны нэг ам метрийн үнийг нэг сая, хоёр сая төгрөг байна гэж ярьж байна. Уг нь тэгж ярихаас илүү тэр мөнгөн дотор байгаа бүрэлдэхүүн хэсэг нь хаанаас вэ гэдэг их чухал. Цемент, арматур, байшин барьж байгаа ажилчин нь хэн бэ гэдгийг бодох учиртай. Барилгын салбарт нь гадныхан ажиллаад 100 хувь цалингаа аваад гадагшаа явчихаж байгаа бол бас болохгүй. 100 хувь гадны барилгын материалаар барьж байгаа бол бас хэцүү. Ийм бол хөрөнгө гаргаж моргэйжийн зээл өгөөд ашиггүй л дээ. Бидэнд хамаагүй орлого болчихоод байгаа юм. Харин цемент, арматур, ажилчин нь монгол бол эдийн засагт ашигтай. Өөрийнхөө хийж чадах юмыг өөрсдөө л хий гэдэг зарчмыг дэлхий даяар барьж байна. Чадахгүй юмандаа бол гадаадын хөрөнгө оруулалтыг гуйж урьж залж оруулах хэрэгтэй. Мэдээж яваандаа чадахгүй зүйлээ ч хийж чаддаг болно.

-Засгийн газар хамгийн бага хүүгээр бонд босгосон. Гэтэл өнөөдөр бондын хүү долоон хувь гараад явчихсан. Бондын хүү ингэж өсөх нь бидэнд ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Бондын нэмэгдсэн хүүг манай улс төлөхгүй. Бондыг хоорондоо худалдаж авч байгаа хүмүүсийн л асуудал. Бид анх 4,5 хувиар бондоо гаргасан. Тэр хүүгээ л төлнө. Бондын зах зээлийн онцлог нь тэр. Эдийн засгийн цагаан толгой мэдэхгүй улс л бондын хүү өсчихлөө, яана аа гээд байгаа. УИХ дээр хүртэл бондын хүү өслөө, баларлаа гэж ярих хүмүүс байна. Бид нэг л удаа бонд авсан. Хүү нь тогтмол. Хоёр дахь зах зээлд оролцож байгаа хүмүүсийн хувьд хүү ямар ч байж болно. Бид гадаадын хөрөнгө оруулалтад ээлтэй хандаж, манай улсын эдийн засаг сайжраад байвал тэр хүү буураад байна. 2012 оны тавдугаар сарынх шиг хууль гаргаад, хөрөнгө оруулагчид гарч яваад байвал тэр хүү өсөөд байна. Тэгэхээр бондын хүү өснө гэдэг манай улсын эдийн засагт хандаж байгаа хандлагаас хамаардаг хэмжигдэхүүн. Түүнээс биш бидний төлөх өр биш.

-Гэхдээ бид дахиад бонд гаргана гэж төлөвлөсөн. Засгийн газрын дахин гаргах бондод шууд утгаараа нөлөөлж таарна. Жишээ нь Монгол Улсад ирэх жил бонд гаргах боломж байна уу?

-Дахиж бонд гаргахад бол сөргөөр нөлөөлнө. Бид энэ жил, бас ирэх жил бонд гаргах боломжгүй. Үлдэж байгаа 3,5 тэрбум ам.доллартаа Засгийн газар бонд гаргая гэвэл хэмждэг олон юм нь эерэг болсоны дараа, Оюу толгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт зөвшөөрөгдсөний дараа, манай улсын зээлжих зэрэглэл сайжирсаны дараа ярих асуудал. Ингэвэл эдийн засгийн хувьд зөв болно. Одоо бол цаг нь биш. Үүнийг улс орон бүр өөрөө тодорхойлж байгаад хамгийн сайн цэг дээр нь гаргах ёстой. Олон улсын рейтингийн агентлагуудад бид бас итгэхээ больсон. Манай эхний бонд гэхэд рейтингээсээ илүү сайн зарагдсан. Манайх шиг зээлжих зэрэглэл нь BB- болсон улсын бонд 7-8 хувиар зарагддаг байхад манайх 4.5 – 5.5-ын хооронд зарагдсан. Эндээс рейтинг бодит байдлыг тусгаж чадахгүй байна гэдэг нь харагдаж байгаа юм. Одоо манай рейтингийг улам бууруулаад л байна. Гэхдээ бодит зах зээл хэдээр үнэлэхийг бас мэдэхгүй.

-Хөрөнгө оруулагчдын хүлээж байгаа том хууль бол Ашигт малтмалын хууль. 2006 оны хуулиа өөрчлөөд явах уу, эсвэл шинэчлэх үү?

-2006 оны хуулийг боломжийн хууль болсон гэж үзэж байгаа. Ерөнхийлөгчийн санаачилсан хууль гэхээс илүү 2006 оных дээрээ нэмэлт хийгээд явбал илүү тогтвортой байх болов уу гэсэн бодол байгаа. Салбарынханы бодлыг сонссон ч тийм зүйл ярьж байна. Тэгэхээр УИХ шинэ хууль батлах уу, 2006 оны хуулиа сайжруулаад явах уу гэдэг сонголтыг хийнэ. Одоо бол зөвшөөрөгдсөн газар хайгуул хийдэг нэмэлтийг хийх асуудал байгаа.

-УИХ-ын ээлжит бус болон намрын чуулганаар эдийн засгийн чиглэлийн онцлохоор ямар хууль, шийдвэрүүд гарах бол?

-Ээлжит бус чуулганаар хөрөнгө оруулалтын шинэ хууль гарна. Эдийн засгийн хүндрэлтэй тэмцэх тогтоол батална. Төсвийн тодотголоо батална. Ээлжит чуулганаар мэдээж төсвөө хэлэлцэнэ. Шинэ нөхцөл байдалд орсон учраас төсөв нэлээд танагдаж таарна. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхгүй бол болохгүй болж байгаа. Ашигт малтмалын хуулийн талаар ойлгомжтой мэдээлэл өгнө. 2006 оны хууль үргэлжлээд шинэчлэгдээд явах уу, үгүй юу гэдгийн эцсийн хариу гарна. Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг хөрөнгө оруулагчдаар хэлэлцүүлсэн. Тэр хэлэлцүүлгээс 2006 оны хуульдаа тодорхой бодлогын зүйлүүдээ шингээчихэж болох юм байна гэсэн хариу гарсан байгаа.

-Тэгэхээр одоогийн хуулиа өөрчлөх зүг рүү явж магадгүй нь ээ?

-Аль зүг нь УИХ дээр олонх болохыг одоогоор хэлэх боломжгүй л дээ.

-Ээлжит бус чуулганаар төсөвт тодотгол хийнэ гэлээ. Нэлээд өөрчлөлт орох уу?

-Нэлээд биш л дээ. Хэтэрхий оптимист төлөвлөсөн орлогоо багасгана. Зураг төсөв ч байхгүй баахан байшингууд тавьсан. Тэрийгээ хасна гэсэн үг.

-Эдийн засгийн хүндрэлтэй тэмцэх бодлого гэдгээ жаахан тодруулаач?

-Нэгдүгээрт, гадаадын хөрөнгө оруулалт зогссон. Үүнийгээ хуулиар засах гэж байна. Хоёрдугаарт, төсөвт бодитой бус орлого төлөвлөсөн байна. Одоогоор зураг байхгүйгээс тендер нь зарлагдаагүй хөрөнгө оруулалтуудаа хасъя гэж байгаа. Орлого, зарлага нэгэн зэрэг хасагдана гэсэн үг. Валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой шийдвэр гарна. Алтны худалдааг Монголбанкинд төвлөрүүлж, Монгол Улсад олборлосон алтыг Монголбанкинд тушаадаг, Монголбанк ганцаараа экспортлож байхаар өөрчлөлт оруулах гэж байна. Алт бол Монголбанкны валютын нөөцийг нэмэгдүүлдэг.

-Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт зогсчихлоо. Энэ том төслийг хөдөлгөх нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах нэг том хөшүүрэг гэж бодож байна. “Рио”-той учраа ололцох нь уу?

-Тоон дээрээ л тохирох хэрэгтэй. Эсэргүүцэж байгаа хүн байхгүй.

-Тохиролцоход хэр цаг хугацаа орох бол?

-Тоогоо л хоёр талаасаа тохирох хэрэгтэй. Тэгэхгүй бол ил уурхайд гарсан шиг алдаа гарвал зөвшөөрөхөд хэцүү л дээ. Манай улсад огт хамаагүй хөрөнгө оруулалтыг орсон гэж бичээд байвал хэн ч зөвшөөрөхгүй. Учир нь төсөлд зарцуулах хөрөнгөний тодорхой хэсгийг нь бид төлнө.

-Валютын ханш өссөөр байна. Монголбанкнаас интервенц хийх үү?

-Долларын ханш бол бидний хийсэн олон ажлын үр дагавар. Доллар бусад бараатай адилхан бараа шүү дээ. Маш олон хүн нэг гутал авахаар өрсөлдвөл тэр гутлыг хэдээр үйлдвэрлэсэн нь хамаагүй, үнэ нь өсөөд явчихна. Эсвэл эсрэгээрээ маш олон хүн гутал үйлдвэрлэж байвал хэдээр үйлдвэрлэснээсээ үл хамаараад үнэ нь доошоо унана. Энэ бол зах зээлийн зарчим. Гутал авах гэсэн хүн, гутлын үйлдвэр хоёрын харьцаа зохистой байвал үнэ тогтвортой байна. Доллар гуталтай яг адилхан. Доллар орж ирдэг суваг болсон гадаадын хөрөнгө оруулалт сайн, гадаад худалдаа алдагдалгүй байвал долларын ханш тогтвортой байна. Тэр суваг нь гацангуут манай хэрэглээ дагаад буухгүй. Доллар зардаг хүн нь багасаад, авдаг нь ихэсчихээр ханш өөрчлөгдөх нь хууль ёсны л доо. Ийм л юм болсон.

Монголбанкнаас түр зуур интервенц хийж аргацаадаг арга бий. Гэхдээ ингэх нь утга учир муутай гэж үзэж байгаа. Улсынхөө нөөцөд байгаа хоёр тэрбум ам.долларыг гөвөөд л дуусна. Түүний оронд энэ үеийг боломж гэж харах хэрэгтэй. Хорин жил дотооддоо үйлдвэрлэл хөгжүүлье гэж уриалаад бүтэхгүй байна. Өөрсдийнхөө хийж чадах юмыг хүртэл гадаадаас зөөгөөд байна. Хамгийн энгийн жишээ гэхэд рапс. Бид ургуулсан рапсаа урагшаа зөөж, буцаагаад ургамлын тос худалдаж авдаг. Учир нь Эрээнээс очиж ургамлын тос авах нь хямдхан байна. Харин долларын ханш өсөхөөр Эрээний ургамлын тос үнэтэй болж байгаа юм. Дотооддоо нөгөө рапсаа шахаж бяцалж тос болгоод зарах нь ашигтай болж эхэлнэ. Мэдээж бүх бараагаа энэ мэтээр орлуулж чадахгүй л дээ. Жишээ нь манайд банан ургахгүй. Тэгэхээр хийж чаддаг ургамлын тосоо хийх нь долларын ханш өссөний сайн тал.

-Тэгэхээр долларын ханшаа жамаар нь, зах зээлийнх нь хуулиар сул тавья гэж байна уу?

-Зохицуулъя гэсэн ч мөнгө байхгүй. Эдийн засаг өөрөө өөрийгөө тохируулж байна. Дотоодод үйлдвэрлэл хөгжүүлье гэсэн дохиог бизнесмэнүүдэд өгч байгаа хэрэг. Дотоодынхоо сургуульд хүүхдүүдээ сурга гэсэн үг. Гадаадад сургах үнэтэй болно шүү дээ. Дотоодынхоо үйлдвэрийн “Янмал” гэдэг оймсыг худалдаж ав гэсэн үг. Доллар өсөөд ирэхээр үндэсний, юм хийдэг бизнесмэнүүд баярлаж байгаа. Экспорт хийдэг улс баярлаж байна. Харин “Урбанек” ч юм уу, гаднаас бүтээгдэхүүн импортолж оруулж ирдэг улс дургүй байгаа. Учир нь Польшид үйлдвэрлэсэн ногоо үнэтэй болно. “Газар шим” харин дуртай байгаа. Польшийн “Урбанек” үнэтэй, “Газар шим”-ийнх хямд байвал дотоодын үйлдвэрлэгчийн дарсан ногоо л илүү борлогдоно. Алаг салатанд байгаа бүх ногоо Монголд ургадаг. Энэ нь эргээд хүнсний ногоо тариалагчдад тусаа өгч эхэлнэ. Энэ мэтээр долларын ханшийн өсөлтийг дотоодын үйлдвэрлэлээ сэргээх нэг боломж гэж харах хэрэгтэй. Ханш 1400, 1500 төгрөг байна гэсэн дүрэм хаана ч байхгүй. Бид эрэлт нийлүүлэлтэн дээр чөлөөтэй хөвж байдаг ханштай улс болсон. Зах зээл хийх ёстой тохируулгаа л хийж байгаа болохоос Засгийн газар, УИХ, Монгол банк муу ажиллаад ханш өсгөөд байгаа юм байхгүй.

-Гэхдээ манай зах зээлд зарагдаж байгаа бүтээгдэхүүний ихэнх нь импортынх шүү дээ. Тэр хэрээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, гол ачаа нь иргэдийн нуруун дээр ирж байна?

-Бид хэзээ нэгэн цагт дотоодын үйлдвэрлэлийнхээ бүтээгдэхүүнийг хэрэглэдэг болно шүү дээ. Долларын ханшийг зохиомлоор бариад байвал тэр хэмжээгээр үндэсний үйлдвэрлэл хөгжих хугацаагаа хойшлуулж байгаа хэрэг. Ханш өсөөд байгаа нь хүссэн хүсээгүй зах зээлийнхээ жамаар амьдар гэсэн үг.

-Бондын мөнгийг их хэмжээгээр зарах нь эргээд долларын ханшид нөлөөлнө гэсэн болгоомжлол бий?

-Мэдэх ёстой хүмүүс нь мэдэж тохируулгаа хийгээд явж байгаа. Долларын ханшийг чөлөөтэй тавина гэхээр ер хэд ч байсан яах вэ гэсэн үг биш. Эдийн засаг өөрийнхөө тохируулгыг хийж байхад нь оролцох оролцоогоо зохистой хэмжээнд байлгах учиртай гэсэн агуулгаар ингэж яриад байгаа юм. Бондын мөнгө санхүүгийн салбарт сайнаар нөлөөлж байна. Төмөр зам , засмал замд зарцуулсан. Мэдээж 1,5 тэрбумаа бүгдийг нь зарчихаагүй. Улаанбаатар хотын гэр хорооллын дэд бүтцийг дахин төлөвлөхөд мөнгө тусгасан байгаа. Одоогоор хэрэглээгүй байна. Засгийн газраас тодорхой ажлуудад мөнгө төлөвлөсөн. Тэр мөнгөнөөс нэг ч төгрөг зарцуулагдаагүй.

-Нүүрсээ үнэ хүргэх боломж бол төмөр зам. Төмөр замын ажил хэр нааштай байгаа вэ?

-Ер нь бол ажил болсон, барилга угсралтын ажил нь явагдаж байгаа.

-Яг хэзээ төмөр замаа ашиглаж эхлэх бол?

-Далангаа барьж дуусаад, рейсээ тавьчихвал хурдан л даа. Ирэх жилээс төмөр замаараа явна. Таван толгой, Гашуунсухайтын зам эхэлж ашиглалтад орно.

-Бүдүүн, нарийн цариг гэсэн маргаан өнөө хэр эцэслээгүй байгаа. Эдийн засгаа бодвол нарийнаар тавьсан нь зөв гэж эдийн засагчид хэлдэг. Цариг дээр ямар шийдвэр гарах бол?

-УИХ бодлогоо гаргачихсан. Засгийн газар бүтээгдэхүүн нь экспортод шууд гардаг төмөр замын цариг ямар байхыг УИХ-д оруулж ирж шийдүүлэх эрхтэй.

-Таны хувийн бодлыг сонирхож болох уу?

-Тооцоо хийж үзэх л хэрэгтэй. Хуучин нүүрсний үнэ 100 ам.доллар байхад тээврийн зардал төдийлөн нөлөөлдөггүй байсан. Машинаар зөөхөд хүртэл ашигтай байлаа. Одоо үнэ нь багасаад ирэхээр тээврийн зардал дараа болж эхэлнэ. Ер нь төмөр зам байх хэрэгтэй. Ямар царигтай байх вэ гэдгийг оруулж ирэх боломж нь Засгийн газарт байгаа.

-Нүүрс, зэснээс гадна уран, газрын ховор элемент, занарын асар их нөөц манайд бий. Энэ эрдсүүдээ ашиглах тал дээр ямар бодлоготой ажиллах вэ?

-Монгол Улс ураны бодлогоо гаргаад дөрөв, таван жил болж байна. Тэр бодлогоороо явна. Хэн нэгэн байгаль хамгаалагч уран хортой гэж орилоод байхаар бодлогоо өөрчилж болохгүй. Газрын тосны шинэ хууль дээр уламжлалт бус газрын тос гэдэг бүлэг шинээр нэмж байна. Зөвхөн занар биш, нүүрсний давхаргын метан хий, тослог чулуулгуудыг хамрууулсан. Бид шатахуунаараа хараат бус болох учиртай. Урьд нь ашиглагдаж байгаагүй олон шинэ салбарууд нээгдэх байх.

Ярилцсан Ц.БААСАНСҮРЭН

Эх сурвалж: “ӨДРИЙН СОНИН”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж