БНХАУ-ын "Чалко" компанитай байгуулсан гэрээний дагуу хийж байсан нүүрсний экспортоо "Эрдэнэс-Тавантолгой" энэ оны эхээр зогсоохдоо хүрч байсан. Одоо экспорт үргэлжилж байгаа ч байдал хүндхэн хэвээр. Тус компани нүүрснээс олох ашгаа нэмэгдүүлэхийн тулд үргүй зардлаа танах аргыг сонгож буй. Гэхдээ үйлдвэрлэлдээ түлхүү анхаарч, нүүрсний олборлолт, бодит талбар дээрх ажилтны тоогоо нэмж, удирдах ажилтнуудаа цөөлж байна. Энэ зарчмаар нэг дэд захирлын орон тоотой болж, төв оффисийн ажилтнуудаасаа цомхотгож байгаа гэнэ.
"Эрдэнэс-Тавантолгой" компани Тавантолгойн ордын коксжих нүүрсний гол хэсэг болох Зүүн, Баруун Цанхиа зэрэг ашиглахаар болж байна. Өнөөдрийг хүртэл зөвхөн Зүүн цанхийн хэсгийг ашиглаж, өнгөрсөн онд 2.5 сая тонн нүүрс олборлон БНХАУ руу экспортолжээ. Цаашид энэ хэсгийн уурхайг дөрвөн ээлжийн горимд шилжүүлэхээр болсон аж. Ингэснээр 4.5 сая тонн нүүрс зүүн олборлох юм. Гэхдээ Зүүн цанхиас олборлох нүүрсээ гэрээний дагуу урд хөршид нийлүүлж, өр дарахаар төлөвлөж буй. Энэхүү "Чалко"-гийн өрнөөс одоо 170 сая ам.доллар үлдээд байгааг энэ ондоо багтааж нүүрсний экспортоор барагдуулах аж.
Харин баруун Цанхийг ашиглалтад оруулж, нүүрс олборлох талаар удаан ярьж, болгоомжилсоор ирсэн. Тэгвэл баруун Цанхийн хөрс хуулалтыг өнгөрөгч хоёрдугаар сард эхлүүлж, долдугаар сарын дундаас олборлолтоо хийсэн бол энэ долоо хоногоос, тодруулбал маргаашнаас экспортыг алба ёсоор нээх гэж байна. Баруун цанхиас энэ жил 3-3.5 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй бөгөөд орлогыг гадаад валютын нөөцөд нэмэрлэх сураг дуулдсан. Одоогийн байдлаар үнийн хувьд, “Эрдэнэс-Тавантолгой” ХХК нэг тонн нүүрсийг 57 ам.доллараар худалдаж байгаа бол дээр хэлсэнчлэн үйл ажиллагааныхаа зардлыг багасгах замаар алдагдалгүй, ашигтай ажиллах юм гэсэн. Үүний тулд гаалийн бүрдүүлэлтийн шинэ тогтолцоог гаргасан. Энэ бол гүний гаалийн асуудал бөгөөд мөн л удаан ярьсны эцэст Баруун Цанхийн экспорт дээр анхлан нэвтрүүлэх гэж байна. Ингэснээр уурхайгаас олборлосон нүүрсээ Цагаан хадан дээр буулган, гаалийн бүрдүүлэлт хийн, шилжүүлэн ачиж, хилээр гаргадаг байсныг болиулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, уурхайн аман дээр гаалийн бүрдүүлэлт хийж, шууд ачин хилээр гаргах ажээ.
Ер нь Монгол Улс хангалттай хэмжээний нүүрс олборлодог ч хил давуулан худалдахад боомтын хүчин чадал гэж том асуудал гардаг гэж салбарынхан хэлдэг. Дамжуулан өнгөрөх боомтын хүчин чадал муу байдгаас экспортын орон зайг алдахад нөлөөлж байгаа гэх. Тиймээс албаныхан хилийн боомтын ажиллах цагийн хуваарийг уртасгах саналыг Засгийн газарт гаргахаар ажиллаж байна. Ингэхдээ өглөөнөөс орой хүртэл ажиллах сунгах, цаашлаад амралтын өдрөөр амардаг байсныг болиулж, ажиллуулдаг болгохоор яригдаж буй. Ямартай ч экспортлогч том гүрэнтэйгээ үнийн тал дээр сайн тохиролцож чадахгүй байгаагаас хойш үйл ажиллагааныхаа зардлыг танах байдлаар нүүрсний зах зээлийн хямралын үеийг тэсээд өнгөрөх хандлагатай байна.
Улсын хөгжлийг нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодынхоо хэрэгцээг хангаж, улмаар экспортлох гэдэг. Ялангуяа уул уурхайн салбарт бид зөвхөн түүхий эд нийлүүлэгч орон болж байгаа нь баялгаа бусдад худалдаж, бусад нь түүнийг эцсийн бүтээгдэхүүн болгон, бидэнд эргүүлэн өндөр үнээр худалдаж байна. Энэ байдлыг засахын тулд нүүрсний салбартаа боловсруулах чиглэлийн үйлдвэртэй болохоор зэхэж буй ажээ. Тодруулбал, "Эрдэнэс-Тавантолгой” ХК нүүрс угаах үйлдвэрийн төсөл боловсруулж, өнгөрөгч зургадугаар сард Уул уурхайн яам, Эрдэс баялгийн үндэсний зөвлөлөөр төслөө батлуулсан байна. Ингээд тендерийг ойрын хугацаанд зарлаж, ирэх оны эхээр барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Үйлдвэрийн эхний ээлж 2.5 жилийн хугацаанд ашиглалтад орох төлөвлөгөөтэй бөгөөд үндсэндээ 2015 онд нүүрс угаах үйлдвэртэй болох юм гэнэ.