“Хариуцлага тооцож чадахгүй бол парламент байхын хэрэг алга”

Хуучирсан мэдээ: 2013.09.03-нд нийтлэгдсэн

“Хариуцлага тооцож чадахгүй бол парламент байхын хэрэг алга”

УИХ-ын гишүүн Д.Ганбаттай ярилцлаа.

-УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд юу хийж амжуулав. Өөрийн тойрог Баянхонгор аймагт замын нээлтэд оролцож харагдсан?

-Баянхонгор аймагтаа долоо хоног ажиллаад ирлээ. Наймдугаар сарын 27-нд Ерөнхий сайдтай хамт явж Өвөрхангай Баянхонгорыг холбосон 240 км замын нээлтэд оролцсон. Энэ бол Говь-Алтай, Баян-Өлгий, Увсын ард түмний олон жил хүлээсэн зам. Уг зам ашиглалтад орсонд баяртай байгаа. Мөн Баянхонгор аймагт хэрэгжиж буй “Шинэ сум” төслийн ажилтай танилцсан. Энэ төсөл хэрэгжиж буй Баянлиг, Бууцагаан гэсэн хоёр сумаар орлоо. Ер нь манайхан 1970-1980 оноос хойш хөдөө орон нутгаа анхааралгүй хаяснаас эзгүй, хөгжилгүй бахь байдгаараа байгаа шүү дээ.

Тиймээс манай аймгаас сонгогдсон Х.Баттулга сайд бид хоёр санаачлан шинэ технологи оруулж ирсэн маань ажил болоод бүтээн байгуулалтаа хийгээд явж байна. Сумын төвийн цэцэрлэг, сургууль, дотуур байр, захиргаа бүгд нэгдсэн сүлжээ, халуун хүйтэн ус, бохирын системтэй болж байгаа. Хөдөөгийнхөн маань Америк, Австрали, Канадад хүмүүс яаж амьдарч байна тэр жишгээр амьдарна гэсэн үг. Хувь хүмүүс ч өөрсдөө канад хаусаа бариад амьдарч байна тэнд. Бас аймгийнхаа төрийн албан хаагчид, иргэд сонгогчдынхоо ажил амьдралтай танилцаад, захиа даалгаврыг нь аваад ирлээ.

-Хөдөө, орон нутагт иргэдийн маань амьдрал ахуй ямар байна. Эдийн засаг хүндэрлээ гэж байна. Иргэдийн амьдралд хэр нөлөөлж байх юм?

-Иргэд ер нь энэ төр засгийг юм хийх нь, болох гэж байна гэсэн хүлээлттэй байгаа. УИХ, Засгийн газар байгуулагдаад жил гаруй хугацаа өнгөрөөд байна. Гэтэл итгэж хүлээж байсан иргэд сэтгэл дундуур байна. Валютын ханш өсч ам.доллар 1600-гаас давлаа. Хөдөө будаа, гурилынх нь үнэ өссөн байна. Хүүхдийн сургалтын төлбөр нэмэгдээд байгаа хэрнээ цалин нэмэгдэхгүй байна гэдэг асуудал. Ер нь иргэд илүү амьдралтай зүйлүүдийг ярьдаг болж. Энэ бүхнийг төр засгаас анхаарах цаг болсон байна.

-Цэцэрлэг сургуулийн хүрэлцээ Баянхонгор аймагт ямар байна вэ?

-Цэцэрлэг сургуулийн хүрэлцээний асуудал Баянхонгор аймагт хүнд л байна. Нийт хүүхдийн 50 хувь нь л цэцэрлэгт хамрагдаж чадаж байна. Сургуулийн хувьд хүмүүс аймгийн төвдөө сургах сонирхолтой эцэг эхчүүд олон байдаг юм билээ. Тэгсэн хэрнээ сумдынх нь сургуулийн хүүхдийн тоо хүрдэггүй юм байна. Аймгийн удирдлагуудын зүгээс “заавал сумандаа сурга” гэж захиргаадалтын аргаар шийдэх гэж оролдсон бололтой юм. Энэ бол сургалтын чанарыг сайжруулах шаардлага байгааг харуулж байгаа хэрэг.

-УИХ-ыг ээлжит бусаар хуралдуулж төсөв танах, хөрөнгө оруулалтын асуудлыг ярина гэж байна. Таныхаар ээлжит бус чуулганаар нэн тэргүүнд хэлэлцэх асуудал юу байна вэ?

-УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах талаар их оройтож ярьж байна. Аль долдугаар сараас “Хадгаламж” банк хүнд байдалд орчихсон гэж ярьсан. Түүнээс гадна долларын ханш талийж байна. Ер нь гаднын хөрөнгө оруулалт 50 шахам хувиар буурсан. Оноос хойш мэдэгдэхүйц байдлаар буурлаа. Гэтэл есдүгээр сар гарчихаад байхад чуулганаа хуралдуулахгүй, хуралдах хугацааг нь нарийн тогтоохгүй байгаа нь буруу. Өнөөх амрахгүй, хагас бүтэн сайнгүй ажиллана, гадаад явахгүй гэж гар хөлийн үсэг зуруулж, гэрээ хийгээд байсан хүмүүс өөрсдөө хүүхдийн амиар наадам хийцгээж байна. Гэмтсэн хүүхдүүдэд нь гэмтлийн эмнэлэг ч алга. Сүүлийн хэдхэн сарын хугацаанд 10-аад эх хүүхдээ хаясан гэх гашуун мэдээ дууллаа. Энэ чинь улс орны эдийн засаг муу, иргэдийн тогоо хоосон байгаатай л холбоотой. Гэтэл манай явуулж байгаа бодлогууд буруудаад байна. Гадаадын хөрөнгө оруулагчдыг алга тосоод хүлээж авах хэрэгтэй байна. Бариад ирсэн мөнгийг нь яаж ийгээд байршуулаад авах ёстой биз дээ. Гэрээ хэлэлцээр хийсэн юм бол түүнийгээ хэрэгжүүлэх хэрэгтэй байна шүү дээ.

-Оюутолгойгоос эхлээд хийсэн гэрээгээ зөрчөөд байна гэх юм. Эдийн засаг хүнд байна гээд хууль, гэрээгээ зөнд хаячихаж болохгүй биз дээ?

-Гэрээ хэлэлцээрээ муу, буруу хийсэн хүн байдаг юм бол суурийг нь муу тавьсны төлөө тэдэнтэй хариуцлага тооцох ёстой шүү дээ. Түүнээс биш гаднын хөрөнгө оруулагчдаа үргээгээд байх нь буруу шүү дээ. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулаад сайн гэрээ хийгээрэй гэж тэдний сайд, дарга болгоо биз дээ. Тавантолгой, Оюутолгойн гэрээг "Толгойд нь буу тулгаж байгаад хийсэн юм шиг” гэж томьёолж байгаа хэрнээ хэргийн эздэдээ одоо болтол хариуцлага ярьсангүй. Тэгсэн хэрнээ гадаадын хөрөнгө оруулалт руу дайрч байна. Төсөв төлөвлөгөө ярих гэж байна. Тэгвэл тэр 150 мянган төрийн албан хаагчаа яах юм бэ.

Яах гэж анхнаас нь төрийн албыг данхайлга гэсэн юм бэ. Сая хүрэхгүй ажлын чадвартай хүмүүс дотор ийм олон төрийн албан хаагч байх нь зөв ч юм уу. Төр гэдэг чинь баялаг бүтээдэг биш шүү дээ. Гэтэл төрийг улам томруулаад, хувьчлал хийх биш баахан төрийн өмчит байгууллагууд бий болгох гээд байгаа юм уу. Хаашаа яваад байгаа юм. Энэ Засгийн газрыг би сүүлийн 20 жилийн хугацаан дахь хамгийн гайгүй Засгийн газар юм уу гэж бодож байсан. Гэтэл өнөөдөр олон яам асуудал болоод байна. Өнөөх хувийн хэвшил, баялаг бүтээж буй хүмүүсээ дэмжинэ гэсэн нь хаана байна. Эмэгтэйчүүдээ төрөөч ээ гээд байдаг хэрнээ төрөх эмнэлэг нь байхгүй байна. Гиннесийн ном гэж байхаар хүүхдийнхээ гэмтлийн эмнэлэгт нэг сайн аппарат аваад тавьчих хэрэгтэй биз дээ. Ингэж л завхарч байна. Сайд дарга нар, мөнгөтэй төгрөгтэй хүмүүс нь морь уяад, хүүхдийн амиар тоглоод бид нэг л буруу дэвээд , буруу тийшээ яваад байна.

-Сүүлийн үед АН-ын нэр бүхий гишүүд Засгийн газрын зарим сайд нарт хариуцлага тооцох асуудлыг хөндөөд эхэллээ. Таны ярианаас ч Засгийн газрынхаа үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байгаа бололтой. Ер нь энэ бүхнээс АН Засгийн газраа өөрсдөө задлах нь уу гэж харж болохоор байна?

-Ардчилсан төр засагтай ардчилсан орны ард түмэн шаардах эрхтэй байх ёстой. Тэд энэ УИХ-ыг тэр дундаа АН-ыг сонгосон. Ард түмний хүсэн хүлээсэн үр дүн гарав уу, амьдрал ахуй нь ямар байна, аягатай хоол нь дүүрэн байна уу гэдгээр нь ажлыг дүгнэж харах ёстой.

Тиймээс энэ УИХ Засгийн газрынхаа алдаа оноог ярьж, хариуцлага тооцож чадахгүй бол байх хэрэг алга. Тиймээс үүнийг ярих ёстой. Нөгөө талаас Засгийн газар юу ч болоогүй юм шиг цаашаа явлаа гэхэд ард түмэн тэднийг хүлээн зөвшөөрөхгүй. Гадныхан ч ойлгохгүй. Эдийн засаг уруудна гэдгийг бүгд л мэдэж байсан шүү дээ. Тэгсэн хэрнээ яагаад ажлаа хийгээгүй юм бэ. Гал тахиад яваад байх ёстой юм уу. Ямар дундад зуун байгаа биш дээ. Тиймээс хийх ёстой ажлаа хийгээгүй нөхдүүдтэйгээ Засгийн газар дотроо ярих хэрэгтэй. Хэн хэнтэйгээ хариуцлага тооцох юм бэ, амласан хэлсэндээ хүрсэн юм уу. Сөрөг хүчний зүгээс 14 хоногийн дотор огцруулна гэж байх шиг байна. Тэр нь хаашаа юм. Эдийн засаг хүнд байгаа үед ийм зүйл ярих нь буруу. Засгийн газрыг тэр чигээр нь огцруулахдаа гол биш хариуцлагын асуудлыг орхиж болохгүй л гэж байгаа юм. Хариуцлагын талаар ярихгүй бол “гадны хөрөнгө оруулалтын орчинг сайжруулна” гэсэн ч тэдэнд итгэхгүй.

-Та хариуцлага тооцуулах асуудлыг намын бүлэгт ч юм уу аль нэг хэлбэрээр гаргаж тавих уу?

-Мэдээж бүлэг дээр хүн болгон ярих байх л даа. Тойрогтоо ажиллаад ард түмний санаа бодлыг сонсоод ирсэн хүмүүс ямар байгааг ярих л байх. Нэгэнт л тэдний мандаттай хүмүүс ард түмний төлөө л дуугарна шүү дээ. Иргэдийн амьдралыг ингэж муутгачихаад юу ч болоогүй юм шиг явах нь ард түмнээ басамжилсан хэрэг болно.

-Эдийн засаг хүндэрснийг олон янзаар дүгнэж байна. Та бол Засгийн газар муу ажилласан гэж хэлэх гээд байна уу?

-Ганцхан зүйлээр дүгнэж болохгүй. Амьдрал өөрөө сонирхолтой. Хариуцлага тооцдоггүй, авлига цэцэглэж буй ажлаа хийх ёстой хүмүүс нь хийхгүй байна гэх мэтчилэн олон шалтаг шалтгаан тоочиж болно. Гэхдээ шинэчлэлийн гэх Засгийн газар маань шинэчлэлээ хийсэн шиг хиймээр байна. Одоо шинээр дугуй бүтээх гээд байх хэрэггүй. Олон улсын туулаад ирсэн замаар л бид явах ёстой. Түүнээс биш цоо шинэ юм бодож олоод байх шаардлагагүй. Хувийн хэвшлээ дэмжих юм уу, эсвэл дахиад улсын олон компани байгуулаад социализмаа хийх үү гэдгээ шийдээд явах хэрэгтэй. Гэтэл өнөөдөр бодлогын хувьд яг үр дүнтэй хийгээд гийсэн юм харагдахгүй л байна шүү дээ. Үндэсний үйлдвэрлэл, хувийн хэвшлээ дэмжинэ гэсэн хаана байна. Зуун ямаанд жаран ухна гэгчээр төрийн албаа данхайлгаад, баахан төрийн өмчит компани байгуулаад байдаг. Иргэд нь ашиг авдаг, хувьцаа эзэмшдэг, үйл ажиллагаанд нь оролцдог ийм нийгэм рүү л явах хэрэгтэй байна шүү дээ. Ядаж хөрөнгө оруулалтын орчныг сайжруулна гэдэгтээ сэтгэлийн хөөрлөөр хандах биш өрсөлдөхүйц чадвартай хөрөнгө оруулалтын орчныг хөгжүүлэх ёстой.

-АН-ын зарим фракцид Н.Алтанхуяг сайдыг огцруулж оронд нь Х.Баттулга, Д.Бат-Эрдэнэ нарын нэгийг томилох тухай яригдаж буй гэх “бор шувуу” нисэх болсон. Энэ үнэн үү?

-УИХ-ын танхимдаа ярих шийдвэр гаргах эрхтэй хүмүүс нь байна. Тэр ярих байх. Гэхдээ төр засаг тогтвортой л байх ёстой. Аливаа асуудлыг ард түмний эрх ашгийн үүднээс л ярьж, харах ёстой гэж бодож байна.

-Төр данхайлаа гэж та хэлж байна. Гэтэл энэ асуудлыг Засгийн газар бүрэлдэх үеэр сөрөг хүчин төдийгүй олон нийтийн зүгээс хэлж л байсан. “Толгой данхайж, бөгс шувтайлаа” гэж хүртэл хэлж ярьж байсан шүү дээ. Тэр үед нь энэ асуудлыг гаргаж тавиагүй хэрнээ одоо ярьж байгаа нь ямар учиртай юм бэ?

-Ер нь төр данхар ч биш, шувтан ч биш байх ёстой. Тухайн үед яах вэ, эдийн засаг, улс орны амьдрал болж бүтээд явчих юм болов уу гэсэн итгэл байсан. Тиймээс ажиллуулаад үзье гэсэн юм. Гэтэл өнөөх л сонгодог жишиг рүүгээ ойртоод явчихлаа. Эдийн засаг, нийгмийн байдал, хүмүүсийн бодол өөр болчихсон байна. Иймэрхүү маягаар явж болохгүй нь ээ гэдгийг хаа хаанаа ойлгож байна шүү дээ. Бид ер нь өөрөө өөрсдөдөө гай болж, өөрсдийн муугаар л ийм байдалтай байна. Монголчууд бид өөрсдөө л буруу ишилсэн сүх шиг байгаа болохоос манайхыг муу байлгах гээд байгаа юм огт алга.

Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж