Ингэхдээ Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхээс хэрэгт холбогдогчдод оногдуулсан хорих ялыг тус бүр хэвээр баталж шийдвэрлэсэн байна. Харин хэргийг нь тусгаарлаж, анхан шатны шүүхээс хэргийг нь цагаатгасан Ч.Хоролсүрэнгийн компанид нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Гантөмөрийг хэрэгт холбогдолгүй учир хохирол барагдуулах шаардлагагүй гэж үзжээ.
Шүүх хуралд анхан шатны шүүхээс ял сонссон хүмүүсийн тус бүр 2-3, нийт 19 өмгөөлөгч оролцсон бөгөөд тэд "Мөнгө угаасан гэх зүйлчлэлээр ял оноосон нь буруу" гэж үзэж байгаа юм. Харин шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүх хууль зөв хэрэглэсэн, яллагдагчид хууль ёсны дагуу ял оногдуулсан хэмээн үзэж, хэвээр баталсан байна.
Тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал Цагдан хорих 461 дүгээр ангид өнгөрсөн зургадугаар сарын 11-12-нд болж, МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт 13 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12 жил нэг сар, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13 жил нэг сар, Ч.Хоролсүрэнгийн дүү, "Монголиан эйрлайнс" группын захирал асан Ч.Суурьтогтоход 10 жил нэг сар, 1997-2007 онд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ял тус тус оноосон.
Мөн МИАТ компанийн дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнгийн компанид нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Гантөмөрийн хэргийг тусгаарлан сүүлд шийдвэрлэж, цагаатгаад байсан юм. Харин хэрэг мөрдөн байцаалтын шатанд байхад хэрэгт холбогдсон МИАТ компанийн захирал асан Ц.Орхоны эхнэр Ү.Цэцэгмаа, Б.Эрдэнэбилэгийн дүү Б.Мандахбаяр нарын хэргийг Прокуророос нотлох баримтаар тогтоогдоогүй хэмээн үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн юм.