Хуучирсан мэдээ: 2013.09.03-нд нийтлэгдсэн

2013-2014 оны хичээлийн шинэ жил эхэллээ. Энэ жилийн хувьд Өмнөговь аймгийн хэмжээнд төрийн өмчийн 19 сургуульд 10677 сурагч суралцах урьдчилсан дүн мэдээг Боловсролын газраас өгч байгаа юм. Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан энэ салбарт ажилаж байгаа багш боловсон хүчин чуулж өнгөрсөн жил хийж бүтээсэн ажил, цаашид хийх ажлынхаа зорилго чиглэлийг тодорхойлдог уламжлалтай. Энэ удаагийн багш нарын бага хуралд сум бүрийн төлөөллийг оролцуулан 380 гаруй багш ажилчид чуулжээ.

Багш нарын бага хурлаар өнгөрсөн хичээлийн жилийн зорилго зорилтын талаар хэрэгжилтийн мэдээллийг сонссон. Мөн Монгол улсын Засгийн газар болон Боловсрол шинжлэх ухааны яамнаас дэвшүүлж байгаа бага, дунд боловсролын шинэчлэлийн бодлогын талаар хэлэлцсэн юм.

Боловсролын салбарт хамаарагддагүй хүн гэж байдаггүй ээ. Улс эх орны ирээдүйн боловсон хүчин бэлтгэхэд хүн бүрийг хамруулдаг энэ салбарт өнөөдөр тулгамдаж байгаа асуудлууд ч олон байдгийг багш ажилчид хэлдэг. Манай аймгийн хувьд сүүлийн жилүүдэд боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг ч хийж байгаа юм.  

Энэ хичээлийн жилд боловсролын салбарт хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх үндсэн зорилтыг дэвшүүлжээ. Өөрөөр хэлбэл тухайн хүүхэд ямар төрөлд авьяастай, илүү чадвартай байна, түүнийг нь илүү хөгжүүлж ажиллахад багш нар анхаач ажиллана гэж байна. Энэ сургалтын арга зүйг улсын хэмжээнд энэ жилээс эхлэн аймаг бүрт  зөвхөн нэг сургуульд туршиж хэрэгжүүлэх юм байна. Хэрэв энэ стандарт амжилттай хэрэгжиж эхэлж чадвал ирэх жилээс улс орон даяар бүх сургуулиудад хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Хамгийн гол нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд байгууллагууд, багш нар, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх нь чухал гэдгийг оролцогчид онцолж байсан юм.  

С.НОМИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж