Зургаан аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбох ажил үндсэндээ амжилттай явж байгаа ч зарим чиглэлд удаашралтай байгааг шүүмжиллээ. Хөвсгөл, Өмнөговийн замын хоёр ч хэсэг дээр төлөвлөгөөт хугацаанаас хоцорч байгааг хэлээд, Зам, тээврийн яамны удирдлагууд дээрх хоёр хэсэгт хүн хүч, хэрэгцээт техникийг нэмэн, сайтар хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.
УИХ-ын ээлжит бус чуулганд Засгийн газраас оруулж хэлэлцүүлэх “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга танилцууллаа. Энэ хуулийн үндсэн зарчим нь төрийн өмчийн 51-ээс дээш хувь эзэмшсэн гадаадын компани монгол улсад хөрөнгө оруулахаар ирвэл зөвшөөрөл олгоно. Бусад бүх салбарын хувийн хөрөнгө оруулалтад зөвшөөрлийн биш бүртгэлийн тогтолцоо үйлчлэх, хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчин, татварын орчин тогтвортой байхаар хуульчлахаар бэлтгэж байна гэж танилцууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.