
Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК энэ долоо хоногийн эцсээр Баруун Цанхийн экспортоо албан ёсоор нээх гэж буй. Өнгөрөгч хоёрдугаар сард Баруун Цанхийн хөрс хуулалтын ажлыг хийж, долдугаар сард нүүрс олборлолтоо эхлүүлсэн бөгөөд энэ жил уг хэсгийн цанхиас 3-3.5 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй ажээ. Ийнхүү Баруун Цанхийн экспортыг албан ёсоор эхлүүлэхдээ олон сар, жилийн туршид яригдсан гүний гаалийн тогтолцоог анх удаа ашиглах юм байна. Тодруулбал, уурхайгаас олборлосон нүүрсээ Цагаан хадан дээр буулган, гаалийн бүрдүүлэлт хийн, шилжүүлэн ачиж, хилээр гаргадаг байсныг болиулж байгаа юм. Ингэснээр уурхайн аман дээр гаалийн бүрдүүлэлт хийж, шууд ачин хилээр гаргах ажээ.