Тайландын Рачишима хотноо энэ сарын 13-21-ний хооронд эмэгтэйчүүдийн 17 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болох билээ. Тус тэмцээнд 16 улс оролцох бөгөөд манай улсын шигшээ баг Тайланд, Казахстан, Австрали улсуудтай “А” хэсэгт оноолт таарсан. Мөн энэ сарын 09-12-ны өдрүүдэд Рачишима хотноо Ази тивийн волейболын холбооны ээлжит хурал болох ба хурлаар тивийн холбооны шинэ удирдлагыг сонгох, ойрын жилүүдийн төлөвлөгөөг танилцуулах аж. Тус хуралд Монголын волейболын холбооны ерөнхийлөгч Ц.Баярбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх нар оролцох юм.
Манай улсын эмэгтэй шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож байгаа ч шөвгийн наймд шалгарч, медалийн төлөө өрсөлдөх өндөр зорилго тавьж байна. Монголын шигшээ багийг Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход Монголын волейболын холбоо, “Буянт-Ухаа” спортын ордон, “Витафит”, “Хүннү каол”, “Намнан”, “Хасу Мегават”, “ДЦС-IV”, “Энагурэ” ХХК зэрэг аж ахуйн нэгж байгууллага, хамт олон дэмжин тусалжээ.
Манай шигшээ баг хэсгийн эхний тоглолтоо есдүгээр сарын 13-нд Австралийн эсрэг хийх бол Казакстан (09.14), Тайланд (09.15) улсуудтай удаах тоглолтоо хийх юм.
Шигшээ багийн гол цөмийг “Амин бүрд” багаас бүрдүүлсэн бөгөөд “Уурхайчин”, “Эрчим”, “Алтайн барс” багаас 1-2 волейболчид багтсан байна.
Багийн ахлагчаар А.Пүрэвсүрэн томилогдсон бөгөөд багийн бүрэлдэхүүнийг танилцуулбал:
- Алтангэрэл Пүрэвсүрэн /багийн ахлагч/
- Алтангэрэл Наранчимэг
- Энхтайван Пүрэвжаргал
- Сүхээ Пүрэвжаргал
- Ганцэцэг Энхсайхан
- Пүрэвжав Буянжаргал
- Сүхбат Отгонбямба /холбон тоглогч/
- Амартүвшин Батжаргал /холбон тоглогч/
- Чинболд Халиун /чөлөөт хамгаалагч/
- Эрхэмбаяр Мөнх-Үйлс
- Ганболд Энхнаран
- Ганболд Цэцэгжаргал
- Чон Юн Ха /ахлах дасгалжуулагч/
- Батдорж Хэрлэн /туслах дасгалжуулагч/
- Галя Баярсайхан /туслах дасгалжуулагч/
- Туваандорж Саранчимэг /орчуулагч/
- Сумъяа Мөнхдэлгэр /шүүгч/ нар тус тус багтаад байна.
Манай шигшээ баг энэ сарын 2-ноос БНСУ-ын Сөүл хотыг зорьсон бөгөөд тус улсын мэргэжлийн багуудтай хамтарсан бэлтгэлийг хийж байна. Тухайлбал, Сувон хотын баг, “Дура Гунса”, “Хангүг Сенмён”, “Хьюндай консул” зэрэг багуудтай нөхөрсөг тоглолтыг хийж, 11-нд Тайландыг зорих ажээ.