Туухай хаашаа хазайх вэ?

Хуучирсан мэдээ: 2013.09.03-нд нийтлэгдсэн

Туухай хаашаа хазайх вэ?

Хөрөнгө оруулалтыг дэмжиж улс орон хөгжих. Эсвэл хөрөнгө оруулалтыг үргээгээд байдагтаа л үлдэх. Энэ бол Монгол хэмээх жинлүүрийн хоёр талд байгаа туухайнууд. Аль туухайг, хааш нь хазайлгах вэ гэдэг нь монгол төрийн сонголт. Мэдээж ямар ч хүн эхний туухайг сонгох нь мэдээж. Гэхдээ богино настай хууль дүрмүүд, авлига, хүнд суртал зэрэг нь гадныхныг үргээх нэгэн шалтаг болоод байгаа нь гашуун үнэн. Ялангуяа манайх шиг хөрөнгө оруулалтаар мөнгө “хийдэг” улсад түүнийг үргээлгүй тогтоон барихаас өөр арга байхгүй. Гэхдээ сонгуулийн “цикль” болгоноор солигдоод байгаа төрийн бодлого, богино настай хууль дүрмүүд гадныхныг даллаж чадах уу…

Эрх баригчдын ээдрээ

Ээдрээт байдал чухам хэзээнээс эхэлснийг мэдэхгүй. Гэхдээ цаг хугацааны хүрдийг одоогоос 12 жилийн тэртээ аваачих шаардлага гарч болох юм. Тэр үед буюу 2001 оны арваннэгдүгээр сарын 30 болон 2002 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр гадаадын шууд хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны дараа гадаадын шууд хөрөнгө оруулалт 25 сая ам.доллараас долоон сая болтлоо буурч байжээ. Нэмэлт өөрчлөлт оруулсан жил бүрт ямар нэгэн нугалаа гараад байгааг энэ мэтчилэн жишээнээс харж болно. Хамгийн сүүлд бид 2012 онд хуулиа шинэчилсэний гайгаар нэг тэрбум 348 саяар хэмжигдэж байсан хөрөнгө оруулалтаа 600 сая болтол нь бууруулсан. Яг л гулсуур дээр тавьчихсан юм шиг. Энэ бүхэн юуны гай вэ? Болохгүй юмаараа оролдсоны гай. Олон дахин засвар оруулснаар гадныхан дүрвэсний уршиг. Тухайн үедээ энэ бүх засварын шалтгааныг хууль хэлэлцэх цаг байхгүй гэж дүгнэж байлаа. Учир нь хууль хэлэлцэж байх хооронд гадныханы хөрөнгө оруулалт зогсоно гэж айснаас тэр. Гэхдээ айснаасаа болоод олон дахин засвар оруулснаар хөрөнгө оруулагчдыг үргээх бас нэгэн сэжим болсон. Одоо бидэнд юу хэрэгтэй вэ? Сайн хууль. Олон дахин засвар орохгүй, хөрөнгө оруулагчдыг айлгахааргүй хууль. Мэдээж бидэнд дөрөв, таван жилийн туршлага бий. Үүн дээрээ үндэслэн хөндөөд байхааргүй хуулийг батлах хэрэгтэй. Энэ бол нэн даруй шаардлагатай зүйл юм шүү. Гадныханы хөрөнгө оруулалтыг тогтвортой байлгаж чадвал Монголын хөгжил ч тогтвортой байх нь зүйн хэрэг. Гэхдээ Монгол Улс тоглоомын дүрмээ өөрчлөөд байвал хэн гэдэг гадаад нөхөр мөнгөө барьж хүрч ирэх вэ? Ямар ч хүн тоглоомонд хожигдох гэж тоглодоггүй гэдгийг санах хэрэгтэй.

Тоон хэлээр: 1990-2012 хугацаанд нийт 12.8 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгдсэний дийлэнх нь геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолт, газрын тосны салбарт хийгдсэн байна. 2007 онд дотоодын хөрөнгө оруулалт нийт хөрөнгө оруулалтын 62 хувийг бүрдүүлж байсан бол 2012 оны байдлаар Монгол улсад хийгдсэн нийт хөрөнгө оруулалт 8.6 их наяд төгрөгөөр илэрхийлэгдэж байгаагийн 2.9 их наяд буюу 33.7 хувь нь дотоод эх үүсвэрээс бий болжээ.

Хууль ямар хэрэгтэй вэ?

Хуульд засвар орох тоолонд энэ мэтчилэн нугалаа гараад байх юм бол хууль батлаад хэрэг байна уу гэж хүмүүс бодож магадгүй. Гэхдээ бидэнд хууль шаардлагатай. Ямар ч хүн дүрэмгүй тоглоомонд эрсдэлээ тооцоолоод орохгүй. Чухамдаа ямар ч дүрэмгүй байж гэмээнэ дүрэмгүй зодоон шиг л болж хувирна. Бидэнд жил бүр хөндөгдөөд байх хууль хэрэггүй. Хэрвээ хууль батлагдвал юу болох вэ? Эхний прогнозоос харвал хоёр улирлын дараа үр ашгаа өгч эхэлнэ. Мэдээж ашиг өгөхийн тулд баталсан хуулиа сайн танилцуулах хэрэгтэй. Тогтвортой гэдгийг нь итгүүлж байж, хөрөнгө оруулалтыг өөр рүүгээ даллана. Зарим судалгаанаас харахад хууль батлагдсаны дараа параахь өөрчлөлтүүд гарч болохоор байгаа юм байна.

  • Нэг улирлын дараа эерэг нөлөөлөл гарч эхэлнэ

  • Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг улирлаар авч үзэхэд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16 хувиар өндөр байна.

  • Гадаадын шууд хөрөнгө оруулалтын жилийн өсөлт 16% байхаар тооцоо байна.

  • 2014 онд 440.5 сая ам долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж орж ирнэ.

  • Дотоодын хувийн хөрөнгө оруулалтын жилийн өсөлт 2013-2015 онд харгалзан 29%, 17%, 23% байна.

гэх мэт…  Дүрэм нь тодорхой тоглоомонд хэн ч гэсэн ороход бэлэн байх тул ийм үр дүнгүүд хүлээгдэж байна гэж ойлгогдоно.

Нэгэн зүйл: 2008 онд хөрөнгө оруулалтын тухай хуульд хоёр ч удаа засвар орсон. Энэ засварын дараа хөрөнгө оруулалтын хэмжээ дараа жилийнхээ хоёрдугаар улирал хүртэл тасралтгүй буурсан.

Тэд юу хүсч байгаа вэ?

Гадныхан Монголд талтай байгаа. Нэг ёсондоо манайх руу хошуурах болсон. Asian Finance, Forbes сэтгүүл, Bloomberg, CNN зэрэг томоохон агентлагууд монгол руу хараагаа сунгах болсон. Энэ бол том амжилт. Тэглээ гээд байдгаа тавиад туу гэсэн үг ч бас биш. Ердөө л дүрмээ тодорхой болго. Тэгээд л боллоо. Үүнд ямар нэгэн том юм яриад ч хэрэггүй. Зүгээр л дүрмээ тодорхой, гэрээгээ улсынхаа онцлогт тохируулаад батал л гэсэн санаа. “Монгол улсын тухайд хууль, эрх зүйн орчин тодорхойгүй байдаг учраас хөрөнгө оруулагчдад эрсдэлтэй орон. Азийн цээжин дэх энэ улсад уул, уурхайн баялаг асар их ч тоглоомын дүрмээ одоо болтол тодорхой болгоогүй байна. Хөрөнгө оруулагчид гол нь үүн дээр л нугалаа гаргах магадлалтай” гэж BBC агентлагийн эдийн засгийн тоймч Роберт Пестон ярьжээ. Монголд орж байгаа хөрөнгө оруулалтын үлэмж хэсгийг уул уурхайн салбар эзэлдэг гэсэн судалгаа бий. Гэхдээ уул уурхайн ашиг удаан хугацааны дараа л эдийн засагт шингэдэг учраас үр шимийг нь бид тэр дор нь амсахгүй. Тиймээс хуулийн тогтворгүй байдлаас болоод хөрөнгө оруулалт зогсвол бидний ирээдүйд сөргөөр нөлөөлнө гэж ойлгож болно. “Гадны хөрөнгө оруулалтыг бид алгуурлах тусам үргээсээр байгаа гэж ойлгох хэрэгтэй. Хэдийгээр хөрөнгө оруулалтын эзлэх хувь хэмжээ нэмэгдсэн ч цаагуураа хөрөнгө оруулалт сулраад байгаа. Яахав арван жилийн өмнөхөөс өөр байгаа л даа. Тэглээ гээд бид зүгээр сууж болохгүй. Холбогдох хууль, дүрэм, журмаа тодорхой болгочихвол хөрөнгө оруулагчид үргэчих вий гэж бид айх хэрэггүй болно” гэж Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар ярьсан юм.

Нэгэн зүйл: Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг 1990-2011 онд 100 улсаас хийсэн бөгөөд хамгийн их хөрөнгө оруулагч орон нь хоёр хөрш орноос гадна Канад, БНСУ, Япон, АНУ гэсэн улсууд байна. Энэ хугацаанд хийгдсэн нийт хөрөнгө оруулалтын 35 хувийг урд хөрш буюу БНХАУ хангажээ.


Бидэнд одоо сонголт хийх цаг хугацаа хангалттай байна. Тийм ч учраас хөрөнгө оруулалтын тухай хуулийг ирэх намрын чуулганаар хэлэлцүүлэх гэж байна. Хуулинд юу тусгах вэ, бас л гурван жилийн дараа хаагдах хууль байх уу энэ бүгдээ бодолцож байж, тоглоомын дүрмээ нэн даруй тодорхой болгох хэрэгтэй байна. Тэглээ гээд болсон, болоогүй хууль батал гэсэн үг биш. Судалгааг нарийн хийж, аль болох гадныхныг үргээхгүйхэн шиг л байх хэрэгтэй. Тэртээ тэргүй бид дэлхийн зах зээл дээр томоохон тоглогч биш. Хүнд үйлдвэрлэл хөгжөөгүй. Тийм ч учраас хөрөнгө оруулалтад эзлэх хувийн жингийн талаас илүү хувийг гадныхан, үлдсэн 20 гаруйхан хувийг дотоодынхон бүрдүүлж байгаа. Энэ бол гашуун үнэн. Тиймээс асар үнэтэй цаг хугацааг таатай бодит нөхцөлт байдалтай хамт алдахаасаа өмнө өмнө ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй байна. Шуудхан хэлэхэд хөрөнгө оруулагчдын хүлээгээд байгаа зүйлийг нь өгөх л хэрэгтэй болж байна. Тэр бол хөрөнгө оруулалтын хуулийг яаралтай баталж эрх зүйн орчинг бүрдүүлэх алхам юм. Магадгүй энэ нь том боломжийн өмнө бидэнд ирсэн сүүлийн сонголт ч байж болох юм…

С.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж