Дөчин мянган хүнийг зүү төөнүүрээр эмчлэв

Хуучирсан мэдээ: 2013.09.03-нд нийтлэгдсэн

Дөчин мянган хүнийг зүү төөнүүрээр эмчлэв

Дархан-Уул аймгаас ирүүлсэн мэдээллийг хүргэж байна.

Ардын уламжлалт эмнэлгийн их эмч Б.Цолмонпүрэв нь, 38 жил ажиллахдаа 40 мянга дахь хүнээ дорно дахины зүү төөнүүрийн аргаар саяхан эмчиллээ.

Манай улсын зүү тавих эмчилгээний анхны эмчийн нэг Б.Цолмонпүрэв ярихдаа “-Нэг л төрлийн эмчилгээг дагнан хийж олон хүнийг ингэж эмчилснээ би, энэ 9-р сарын 19-нд тэмдэглэх Монголын Уламжлалт Анагаах Ухааны Хүрээлэнгийн 40 жилийн ойдоо барьж байгаа бэлэг гэж үзэж байна” гэв.

Тэрбээр уг хүрээлэнгийн анхны эмч нарын нэг, ард олонд “Зүүний Бадарч” хэмээн нэрлэгдсэн Гавъяат эмч Л.Бадарчингийн хүү, уламжлалт эмчилгээний удам дамжсан эмч юм. Хамт олондоо өргөсөн түүний бас нэгэн бүтээл нь “Суваг хэрдэсийг барин эмчлэх ухаан” нэртэй ардын эмчилгээний онол, арга зүйн шинэ ном боллоо. Хүний биеийн таван цул, зургаан хөндий эрхтний хэрдэсийн амин холбоогоор дамжуулан мэдрэлийн сүв, сувгуудад зүү тавьж төөнөх эртний уламжлалт эмчилгээний тухай өгүүлснээрээ энэ ном нь эмч, багш, эрдэмтэд төдийгүй олон түмэнд зориулагдсан анхны том дорвитой бүтээлд тооцогдож байна. Алтан гартай, ачит эмч Бадарчингийн Цолмонпүрэвтээ баярын мэнд дэвшүүлж, эрүүл энхийн үйлсэд нь амжилтын дээдийг хүсье!

Ө.РАГЧААСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж