
Тэргүүлэгчдийн хэлэлцэн дараагийн асуудал бол өвөлжилтийн бэлтгэл ажлын эрчимжүүлэх тухай Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал танилцууллаа. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 2012 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 6/27 дугаар тогтоолоор Орон сууцны хороолол доторх шугам сүлжээг хонгилийн системд шилжүүлэх ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэхүү төсөл арга хэмжээнээс үлдэж байгаа 324,3 сая төгрөгийг 2013-2014 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай инженерийн шугам сүлжээ шинэчлэх, аваарийн нөөц бэлтгэх ажилд зарцуулах юм. Үүнд: БЗД-ийн 16-р хорооллын УС-15 ЦТП-ийн бойлерийн халаах гадаргууг нэмэгдүүлэх,ЧД-ийн 23-р сургуулийн дулааны шугамын холболтыг өөрчилж 4а магистральд шилжүүлэх, СХД-ийн Жаргалант тосгоны Захирагчийн алба, сургууль дотуур байр, цэцэрлэг, соёлын төв, цагдаагийн хэсэг, багш, ажилчдын байруудыг дулааны шугамыг сольж шинэчлэх зэрэг 6 ажлыг хийж өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүднээс хэрэгжүүлэх шаардлагатай байна. Тэргүүлэгчид хэлэлцэн хөрөнгө зарцуулахыг санал нэгтэйгээр баталж тогтоол гаргалаа.
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл байгуулах тухай” Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал танилцууллаа. Улаанбаатар зам засвар арчлалт ОНӨААТҮГ, Хот тохижилтын газар НӨҮГ, Усны барилга байгууламж НӨҮГазрууд нь зам засвар тэмдэглэгээ, ногоон байгууламж, тохижилт, борооны болон үерийн ус зайлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр байгууллагууд нь ажлын нэгдмэл уялдаагүй, үр ашиггүй зардал ихээр гаргаж байна. Түүнчлэн 686 хүний орон тоотой боловч улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг. 155 машин механизмтай боловч ажиллаж байгаа нь цөөхөн тул хүрэлцээ муутайн дээр сул зогсолт ихтэй ажилладаг. Тиймээс эдгээр 3 газрыг татан буулгаж, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” байгуулахыг Тэргүүлэгчид хэлэлцэн 100 хувийн саналаар баталж, 2013 оны 9 сарын 9-ний өдрөөс байгуулахаар боллоо. Энэхүү газар байгуулагдснаар хотын нийтийн үйлчилгээ болон инженерийн хангамжийн 24 цагийн шуурхай үйлчилгээтэй болж, хаягжилт, гудамж зам талбайн арчлалт хамгаалалт сайжрах юм.
Хөшөө шилжүүлэн байрлуулах тухай Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидэд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Э.Анар танилцууллаа. Монголын орчин vеийн утга зохиолын vндсийг тавигч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн хөшөө нь “Үндэсний Соёл амралтын хүрээлэнд” байдаг. Уг хөшөө нь нийтдээ 7 метр өндөртэй, 9 тонн жинтэй. Өнөөдрийн байдлаар эргэн тойрондоо барилгаар хүрээлэгдсэн үзэгдэх орчин болон хамгаалалт алдагдсан байдалтай байна. Тиймээс тус хөшөөг шилжүүлэх шаардлагатай байгаа талаар танилцууллаа. Тус хөшөөг Улаанбаатар Зочид буудлын өмнө болон Нацагдоржийн нэрэмжит төв номын сангийн өмнө байрлуулах санал гаргасан бөгөөд Тэргүүлэгчид хэлэлцэн Улаанбаатар Зочид буудлын өмнөх цэцэрлэгт хүрээлэнд байршуулахаар тогтоол гаргалаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.