Дархан-Уул аймгийн Шарын гол суманд “Шарын гол” ХК-ийн ашиглаж байсан газар дээр бичил уурхай эрхэлж, амжиргаагаа залгуулдаг 670 орчим иргэн байдаг гэнэ. Харин есдүгээр сарын 5 буюу хоёр хоногийн дараа эдгээр иргэдийг тарахыг шаардсан захирамжийг Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг дарга н.Амарсанаа гаргасан байна. Ингэснээр 670 гаруй уурхайчин иргэн хохирч үлдэхээр болж байна гэж үзэн, “Нэгдсэн дээвэр” холбоог байгуулан эсэргүүцсэн байна. Өнөөдөр “Нэгдсэн дээвэр” холбооноос сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус холбоонд хариуцлагатай, байгаль орчиндоо ээлтэй нутгийн уугуул иргэд нэгдэж, газар нутгаа эзэмших эрх монгол хүнд байдаггүй талаар мэдээлэхээр ирснээ хэлсэн юм. Энэхүү “Нэгдсэн дээвэр” холбооны бичил уурхайчид олборлолт хийдэг газраа албан ёсны хөдөлмөр эрхлэх аюулгүй ажиллагааны заавар, нөхөрлөлийн ахлагч гишүүдтэйгээ харилцан, хамтран ажилладаг. Өдөр бүр хариуцлагатай жижүүрийн удирдлага дор нарийн зохион байгуулалттай ажиллаж ирсэн гэлээ. Монгол Улсын холбогдох дүрэм журмыг сахин биелүүлсээр ирснээ хурлын үеэр хэлж байлаа. Манай улсад мөрдөгдөж буй бичил уурхайчдын хууль дүрэм хэтэрхий амьдралаас хол иргэдийн эрх ашиг, эрүүл мэнд, амь насыг хамгаалахаас илүүтэй мөнгөтэй компани, эрх мэдэлтнүүдэд чиглэсэн байдаг. Энэхүү хуулийг нь эрх мэдэл бүхий хүмүүс яаж ч гуйвуулж болох талтай. Баялаг бол Монгол Улсын, монгол хүний өмч. Тиймээс иргэддээ эд баялгаас хүртэх боломжийг нээн өгөхийг хүсч байна. Монголчууд бид гадаадын хөрөнгө оруулалттай, гадаад хүмүүсийн боол биш гэдгийг хэвлэлийн хурлын үеэр “Нэгдсэн дээвэр” холбооны гүйцэтгэх захирал, “Буянтын хөндий” ТББ-ын тэргүүн О.Цэцэгмаа хэлсэн юм.
Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг дарга н.Амарсанаа эдгээр 670 бичил уурхайчдыг “Шарын гол” ХК-ийн газар дээр ажиллаж байгаа учир есдүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн тарахыг шаардсан захирамж гаргасан аж.
Б.БИЛЭГ