Шийдвэрээ хүлээсэн хэрэг

Хуучирсан мэдээ: 2013.09.03-нд нийтлэгдсэн

Шийдвэрээ хүлээсэн хэрэг

-Б.Есүгэний аминд хүрсэн барилгын компаниудад холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал наймдугаар сард болж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ-

Хичээлийн шинэ жилийн эхний өдөр /2012.09.03/ буюу өдгөөгөөс яг нэг жилийн өмнө хичээлээ тараад ээж, дүүтэйгээ гэр рүүгээ харьж явсан 12 настай охин хууль бусаар баригдаж байсан барилгын компанийн ажилчдын хариуцлагагүй үйлдлээс болж амиа алдсан билээ. Хэрэв тэр өдөр хууль зөрчин барилга барьж байсан нөхдүүд хариуцлага алдаж, бетон зуурагч помпыг охины дээрээс унагаагүй бол бяцхан охин өнөөдөр шинэхэн дүрэмт хувцсаа өмсөж, цүнхээ үүрээд ээжийнхээ гараас хөтлөн сургууль руугаа яаран гүйж байсан байх. Хууль зөрчигч албан тушаалтан, бизнесийнхнээс болж осол, гэмтэл, үхлээс салахаа болиод байсан барилгын салбарын булхайг түүний үхэл жинхэнэ ёсоор нь чихтэй бүхэнд дуулгаж, нүдтэй бүхэнд харуулсан гэхэд болно. Гэвч энэ хэрэгт буруутай нөхдөд одоо болтол ямар нэгэн ял оноогоогүй байсаар…

Хэргийг одоо болтол шалгасаар…

Охиныг үхэлд хүргэсэн буруутнуудад холбогдох хэргийг өнгөрсөн зургадугаар сард Баянгол дүүргийн шүүхэд хянан хэлэлцээд “Орд гео” ХХК-д бетон зуурмаг шахагч автопомпны оператор жолоочоор ажиллаж байсан Г.Гантөмөрт 1.6 жилийн хорих ял, зуурмаг шахагч автопомпны туслах ажилтнаар ажиллаж байсан Б.Дашнямд нэг жил, “Монголын хот байгуулалтын хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батболд, гүйцэтгэгчээр ажиллаж байсан “Төгс Гүрэн” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Д.Болд нарт албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг нь хоёр жил хасч, хоёр жил хорих ял оноосон билээ.

Мөн “Орд гео” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Б.Саранхүү, “Буянтрак” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Буянтэгш, “Премиум Конкрет” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан О.Батмөнх нарын өмнө нь явуулж байсан тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, шүүгдэгч тус бүрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 200 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 28 сая 80 мянган төгрөгийн  торгуулийн ял оногдуулсан байдаг. Харин “Премиум конкрет” ХХК-ийн хөдөлмөр хамгааллын ажилтнаар ажиллаж байсан С.Очирсүрэн, “Консолит” ХХК-ийн хяналтын менежерээр ажиллаж байсан Б.Баттулга нарын үйлдлийг “Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” хэмээн үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.

Гэвч шүүгдэгчид давж заалдах шатны шүүхэд хандаж, хэргийг өнгөрсөн наймдугаар сард Нийслэлийн шүүхэд хэлэлцээд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Давж заалдах шатны шүүхээс “Мэргэжлийн хяналтын байгууллагуудын дүгнэлт зөрүүтэй, нэг хэрэгт олон хүнийг хавтгайруулан ял оноосон” гэх шалтгаанаар хэргийг дахин шалгахаар болжээ. Өдгөө хэрэгт холбогдсон этгээдүүд батлан даалтад гарч, гадуур байцаагдаж байгаа аж.

Шүүхийн шийдвэрийн тухайд талийгаач охины аав Б.Батсайхан “Миний эцсийн зорилго бол тэр хүмүүсийг шоронд хийх биш. Монгол хүний үнэ цэнэ хэтэрхий дор байгаатай эвлэрэхгүй байна. Миний охины үхэлд буруутай Монголын төр надаас уучлалт гуйх ёстой” гэх байр суурьтай байгаа юм.

Б.Есүгэний өдөр болгох төслийг дэмжээгүй

Талийгаач охины аав Б.Батсайхан өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж, монгол хүний амь насыг баталгаажуулж өгөхийг хүсч байсан билээ. Энэ уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж есдүгээр сарын 3-ныг Б.Есүгэний өдөр буюу Аюулгүй орчны өдөр болгон зарлаж, жил бүрийн энэ өдөр хариуцлагын талаар ярьдаг, дуугардаг, хэлэлцдэг байх санаачилга гаргаж байсан. Ингээд энэ өдрийг Б.Есүгэний өдөр буюу Аюулгүй орчний  өдөр болгож, тэмдэглэлт өдрийн жагсаалтад оруулах тухай хуулийн төслийг УИХ дахь Эмэгтэйчүүдийн бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг гишүүн  боловсруулсан ч дэмжлэг аваагүй. Учир нь хуулийг хүний нэрээр нэрлэх бололцоогүй, хуульд ийм зүйл заалт байхгүй гэх үндэслэлээр дэмжээгүй гэх мэдээлэл байдаг.

Хэдийгээр охины амиа алдсан энэ өдрийг Б.Есүгэний нэрэмжит болгох хуулийн төсөл дэмжигдээгүй, хэн нэгэн буруугаа хүлээж ял аваагүй байгаа ч иргэн бүр, барилгын компани бүр энэ өдрийг МАРТАХ ёсгүй юм.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж