Олон улсын чуулганд 14 орны төлөөлөл оролцоно

Хуучирсан мэдээ: 2013.09.03-нд нийтлэгдсэн

Олон улсын чуулганд 14 орны төлөөлөл оролцоно

Төрийн ордонд маргааш эхлэх “Төрийн албаны Мерит тогтолцоо-туршлага сургамж, сорилт боломж” сэдэвт олон улсын чуулга уулзалтын талаар Төрийн албаны зөвлөлөөс өнөөдөр /2013.09.03/ хэвлэлийн бага хурал хийлгэлээ.

Хэвлэлийн бага хурлыг УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Энхтуяа нээж, төрийн албаны төв байгууллагуудын олон улсын чуулга уулзалтын талаархи товч мэдээлэл өгөв.

Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны дарга С.Цэдэндамба 2005 онд Голланд улсад “Өөрчлөгдөж буй нийгэмд тэргүүлэх албан хаагчдыг чадавхижуулах нь” сэдвээр анх зохион байгуулагдсан энэхүү чуулга уулзалт жил ирэх бүр цар хүрээгээ тэлсээр байгааг дурдаад энэ жилийн чуулга уулзалт нь анх удаа Азийн бүс нутагт зохион байгуулагдаж байгааг онцлов. Энэхүү үйл ажиллагаанд сүүлийн жилүүдэд идэвхтэй, тогтмол оролцож, ардчилал, нийгмийн шинэчлэлийн үйл явцыг амжилттай хэрэгжүүлж байгааг үнэлэн 2011 оны чуулга уулзалтаас Монгол Улсад энэ удаагийн чуулганыг зохион байгуулах эрхийг өгсөн юм байна. Энэхүү чуулганыг зохион байгуулснаар Монгол Улсын Төрийн албаны зөвлөл бусад орнуудын төлөөлөгчидтэй төрийн албаны тогтолцооны талаар хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, тулгарч буй бэрхшээл, сургамж, ололт амжилтынхаа талаар санал бодол, туршлагаа солилцох, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх таатай боломжийг олгож байгаа гэдгийг тэрээр онцолж байлаа.

Мөн Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн Т.Хадхүү Монгол Улсын нэр хүндийг өргөсөн, манай улсын төрийн албаны шинэтгэлийн үйл явцыг эрчимжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах энэхүү чуулга уулзалтыг Улсын Их Хурлын зүгээс анхааран дэмжиж байгаад талархлаа илэрхийллээ.

Маргаашнаас хоёр өдрийн турш Төрийн ордноо чуулах уг чуулга уулзалтад Канад, БНХАУ, БНСУ, Франц, Кувейт, Армен, Вьетнам, Энэтхэг зэрэг 14 орны Төрийн албаны төв байгууллагуудын төлөөлөгчид оролцох юм байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж