МИАТ-ийн хэргийг шүүх хурал завсарлалаа

Хуучирсан мэдээ: 2013.09.03-нд нийтлэгдсэн

МИАТ-ийн хэргийг шүүх хурал завсарлалаа

“Дайны эрсдлийн сан” нэрээр гадаад улс руу  их хэмжээний мөнгө гаргаж,  угаасан хэрэгт холбогдоод буй МИАТ-ийн экс удирдлагуудын гомдлыг  хэлэлцэх хурал өнөөдөр 09.00 цагт Нийслэлийн шүүхэд  эхэлж,  сая завсарлалаа.  Шүүх хуралд анхан шатны шүүхээс ял сонссон хүмүүсийн тус бүр 2-3, нийт 19 өмгөөлөгч, хоёр улсын яллагч, шүүх бүрэлдэхүүн оролцож байна. Давж  заалдах шатны шүүх хуралдаанд  яллагдагчид оролцоогүй ч нэг хүн хоёроос дээш өмгөөлөгчтэй учир шүүх хуралдаан сунжирч  байгаа аж.

“Дайны эрсдлийн сан” гэх нэрийдлээр зохиомол даатгалын компаниуд руу их хэмжээний мөнгө гуйвуулан хуримтлуулж, мөнгө завшиж, угаасан гэх хэрэгт буруутгагдаж буй МИАТ компанийн экс-удирдлагуудад холбогдод хэргийг шүүх хурал Цагдан хорих 461 дүгээр ангид өнөгрсөн зургадугаар сарын 11-12-нд болж,  МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт 13 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12 жил нэг сар, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13 жил нэг сар, Ч.Хоролсүрэнгийн дүү, "Монголиан эйрлайнс" группын захирал асан Ч.Суурьтогтоход 10 жил нэг сар, 1997-2007 онд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ял тус тус оноосон.

Харин  МИАТ компанийн дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнгийн компанид нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Гантөмөрийн хэргийг тусгаарлаж, уг хэрэгт нэр холбогдоод байсан МИАТ компанийн захирал асан Ц.Орхоны эхнэр Ү.Цэцэгмаа, Б.Эрдэнэбилэгийн дүү Б.Мандахбаяр нарын хэргийг Прокуророос нотлох баримтаар тогтоогдоогүй хэмээн үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлээд байгаа юм.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж