Хичээлийн шинэ жил эхэлсэн энэ өдөр /өчигдөр/ оюутнууд өргөсөн тангарагтаа хэрхэн үнэнч байсан бэ…?
Өчигдөр оройны 22.30 цагийн орчимд МУИС, ШУТИС, ХИС, ЭМШУИС зэрэг томоохон их сургуулиудын дотуур байр хаяа дэрлэн оршдог оюутны А хотхонд очлоо. Дуу хөгжим, инээд наргиан, шуугиан нь цонх бүрээс сонстож, гэрэлтэй цонх бүрт оюутнууд хөөцөлдөн, бужигналдах болов уу гэж бодтол эндүүрэл байж. Оюутны байр бүхэн нам жим, ихэнх цонх гэрэлгүй… Цонхоороо гаднахыг ажин зогсох оюутан охинтой хэсэг хөөрөлдөх зуур “Манай байрныхан шоудах гээд сая гарсан. Бид нар одоо араас нь гарах гэж байна. Байрны коминдантыг яаж аргалж шөнө орж ирэх юм бүү мэд” гээд, үнэнээ хэлэв. Оюутнууд хаачсан байх нь вэ…
Хичээлийн шинэ жил эхэлсэн энэ үеийг шөнийн цэнгээний газрууд жинхэнэ “ангийн улирал” гэх. Энэ нь ч үнэн бололтой. Их хөлийн газарт эрдэм суралцахаар ирсэн оюутнууд Сансар хавийн баарнууд болох “Банана”, “Galaxy”, “TSE” зэрэг цэнгээний газруудыг хөл тавих зайгүй болтол нь дүүргэжээ. Шөнийн 00.00 цаг хэдийнэ өнгөрсөн энэ цагт цэнгээний газрууд хаалгаа барьж, үүдээ хаах ёстой байтал согтууруулах ундааг ширээгээ дүүртэл захиалсан “баян” хөлчүү оюутнуудад үйлчлэн ид ажиллаж байлаа. Дан оюутнууд ч гэлтгүй арван жилийн сурагчид гэмээр жаахан охид, хөвгүүд олноороо дарвиж, халамцуухан орилолдон бүжиглэнэ. Оюутнууд “Уулзсаны баяр”, “Тангаргийн баярын мэнд”, “Энэ жил амжилттай суралцахын төлөө”, “Өнөө шөнө ёстой назгай авна аа” гэхчилэн хундагаа тулгаж, дуслыг ч үлдээлгүй хөнтөрч харагдана. Баарнуудын “эх орон” гэгддэг Сансарын гудамжинд хөлчүү оюутнууд шүргэлцэж, оюутан охидууд зодолдож, нанчилдаж байгаа найзуудыгаа хэсэг нөхөд нь дэмжиж байгааг харахад ёстой л тангаргийн баяр нь тангараг тасрах баяр болсон гэлтэй байлаа. Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлйин цагдаа нар зодолдож байсан хэсэг оюутнуудыг авч явснаар зодоон өндөрлөсөн юм. Баарнаас бөөн бөөнөөрөө согтуурхан гарч ирж байгаа оюутнууд эвтэй найртайхан тарж, гэр гэрийн зүг гэлдэрнэ гэдэг юу л бол.
Шөнийн 01.10 цаг. Оюутны хотхонд шахуу үйл ажиллагаа явуулдаг “Hollywood” бааранд архи, согтууруулах ундаа, 00-ийн үнэр, хөлс гээд дуу чимээ, хэрүүл маргаан, транс ая ёстой л холилдож, толгой эргэмээр байлаа. Сансарын баарнуудыг бодвол такс төлж ордог болохоор арай “боломжтой” үйлчлүүлэгчидтэй бололтой. Учир нь ширээ бүрийн голд багагүй үнэтэй бор дарс, тойрон өнгө өнгийн савтай, шилтэй пиво алаглаж харагдана. Нэлээд том тайзтай энэ баарны бүжиглэх тайз дээр хөлөө хаана тавьж байгаагаа ч мэдэхгүй байгаа гэмээр согтуу оюутан, сурагчид ёстой л “амьдралаас тасарч” байгаа бололтой. Хажууд суугаа сурагч гэмээр жаахан охиноос хэзээ харихыг асуутал “Яасан. Манай ангийнхан зүгээр л бүжиглэж байна ш дээ. Жаахан халахгүй л бол яаж бүжиглэх вэ” гэж байх нь тэр. Шөнийн 01.00 цаг өнгөрч, гэртээ унтаж амарч байх цагт оюутан, сурагчид аав ээжийнхээ мөнгийг согтууруулах ундаанд хайр гамгүй үрж байгаа нь харамсалтай. Шөнийн цагаар ажилладаг дээрхи баарнуудыг бүх шоучин залуус мэддэг, баарнууд нь ч саадгүй тэдэнд үйлчилдэг. Энэ их дуу чимээ, үүдээр нь дүүрэн согтуу залуус хөлхөлдөж байхад хэв журам, хуулийг сахиулах ёстой цагдаагийн алба хаагчид унтчихаагүй л байлтай.
Бас л цөөнгүй баар нэг дор үйл ажиллагаа явуулдаг III, IV хорооллын гудамжид хөлчүү оюутнууд бөөгнөрөн, харин баарнуудын үүдэнд хамгаалагчид зогсон үйлчлүүлэгчдээ сэмхэн баар руу нэвтрүүлж байгаа харагдлаа. Хорооллын эцсийн “Mass” баарны үүдэнд хар пиджактай зохион байгуулагч гэмээр хоёр залуу зогсч үйлчлүүлэгчидийн тоо олшрох үед бөөнд нь нэг оруулж байгаа нь хэдийнэ энэ хууль бус үйл ажиллагаандаа гаршжээ гэлтэй. Эдгээр баарыг ингэтэл дүүргэж, ашиг орлого багагүй оруулж байгаа үйлчлүүлэгчид нь өнөө л тарчигханаараа цоллуулж, хуушуур, мантуун буузаар өл зогоож, кондукторт адлуулж явдаг оюутнууд.
“Цаг цагт нэг цадна, цагаан сараар цадна” гэдэг үг үеэ өнгөрөөжээ. Одоо бол баасан гариг бүрт шоудана, 70 мянгаа буухаар бүр ч назгай шоудана гэдэг болж. Арга ч үгүй биз. Учир нь тэд сар бүр 70 мянгын орлогтой, аав ээжээс авсан татаасны мөнгөтэй баян оюутнууд юм чинь.









