Нөөцийн шатахууны “но” илэрч байна

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Нөөцийн шатахууны “но” илэрч байна

Зуд болоход нохой зоолж, зовлон ирэхэд лам баяждаг гэгчийн үлгэрийг орчин цагт шатахууны үнэ нэмэгдэхэд импортлогчид компаниуд зоолно гэж өөрчилж болохоор байна. Үнэ өсч, эрэлт нэмэгдэхийн хэрээр бизнес эрхлэгчдийн орлого өсөх нь зүй тогтол ч манайд бол төр хэмээх буянтай үрэлгэн гарын ачаар ашиг орлого нэмэгдэх бус луйвар хийх арга цэцэглэж байгаа учраас зоолно гэдэг үгийг сонгосон хэрэг. Шатахууны үнэ нэмэгдэхийн хэрээр манай импортлогчид үнээ өсгөдөг, буурахад нь харин дүлий дүмбэ болдог нь гэм биш зан. Гэтэл харин шатахуун гэдэг стратегийн бүтээгдэхүүн гэсэн үг өмнөө барьж цээжээ дэлдэгчдийн “буян”-аар тэдний арга ажиллагаа эдүгээ луйврын шинж чанартай болсныг “Өглөөний сонин” баримтаар илчлэн тавьжээ. Зөвхөн энэ удаад ч биш өмнө нь нөөцийн хөрөнгө гэдэг “лусын сан”-гаар хэрхэн гараа угааж, үрэн таран болгож байдаг талаар олонтаа яригдаж байсан. Гэвч энэ удаагийн “НИК”, “Петровис” компанийн холбогдсон нөөцийн шатахууны луйврын асуудал татвар төлөгчдийн хэдэн тэрбум төгрөгийг “ууршуулах” уу гэсэн ноцтой асуудлыг хөндөж байна. 

Бензиний үнэ нэмэгдэхээр бусад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг нь манайд тогтсон бас нэг зүй тогтол. Гэтэл стратегийн бүтээгдэхүүнээ нөөцөлж авахгүй бол болохгүй нь гэж Засгийн газар нь нь ташуурдсанаараа бензиний нөөцийн хэмээх бас нэг “ашиг”-ийн салбар бий болжээ.
Бензиний үнэ тэнгэрт хадлаа хэмээн бүгд цочирдож байсан 2008 оны хаврыг санаж байгаа байх. Энэ үеэр манай мэргэн төр бензин шатахууныхаа нөөцийг хамгаалах шийдвэр гаргаж 28,6 мянган тонн нөөцлөхөөр болсон. Яалт ч үгүй л стратегийн бүтээгдэхүүнээ нөөцлөх гэсэн сайхан шийдвэр. Гэтэл нөөц бэлтгэх ёстой компаниуд нь байдал хүндэрч, үнэ ч өсөөд байсан хавар цагт нь бус, зун, намрын налгар өдрүүд буюу найм, есдүгээр сард урд хөршөөс нөөцийн шатахууныг базааж. Хамгийн гол нь шатахууны үнэ хямдраад байсан үед “өнгөрсөн” өндөр үнээр нь БНХАУ-гаас бензин нөөцөлжээ. Засгийн газар арай ч нөөцийн хөрөнгөд хяналт тавьдаггүй, тавьдаггүй гэхэд ямар үед, ямар үнээр шатахууны нөөцөлснийг харж, хянаж л байсан биз, өөр “хүчин зүйл”-ээр нүдээ боолгочихоогүй бол. Тийм учраас холбогдох албад нь ийм үнээр ийм бензин нөөцөлсөн гэдэг тайлбараа хийнэ биз. Гэтэл асуудал дуусахгүй, барьц алдах цагт хэрэглэнэ гэсэн бензин нь харин “аз болж, гай болж” одоо зарагдахгүй бараа болоод байна. Өндөр үнэтэй нөөцөд авсан бензинийг одоо хямд үнээр ч болтугай зарж чадахгүй болж. Дээр нь стратегийн бүтээгдэхүүн импортлогч, өөрөөр хэлбэл төрд өндөр үнэтэй бензин шахагч нь хадгалалтын үнийг зах зээлийн үнээс 4-5 дахин, ууршилтын хэвийн хэмжээний нормыг дөрөв дахин өндрөөр үнэлэхээр шахаж чадсан байна. Өдөр хоног өнгөрөх бүр татвар төлөгчдийн мөнгө өндөр үнэтэй бензинийг хадгалах хөлсөнд урсаж, дээрээс нь нөгөө бензин нь гэрлийн хурдаар “ууршиж” байна гэсэн үг. Өнөөдрийн байдлаар хадгалалтад импортлогчид найман тэрбум төгрөг төрөөс төлөөд байгаа бөгөөд харин хадгалж байгаа үнэ цэнэт бензинээс нь 35 тонн нь “ууршчхаад” байгаа юм байна, анх тохиролцсон ёсоор. Мөн догь “бизнес” байгаа биз.

Гэвч энэ бол татвар төлөгч та бидний мөнгө. Балгалзана гэхэд багадам мөнгө. Тийм болохоор Засгийн газар, өөрөөр хэлбэл төр та хэдэн тэрбум төгрөгийг ийнхүү “ууршуулж” байгаагаа харж үзэж хянаач аа. Мэдээж хэрэг олон түмний хөрөнгөөр стратегийн “бодлогын чанар”-тай ажил хийж байгаа юм чинь Танд тооцоо хяналт байдаг л байлгүй. Тэрийгээ эргэж харж, хуудуутай үйлдлүүдийг зогсоож, хариуцлага тооцооч ээ, хэрвээ өөр “ашиг сонирхол” байхгүй бол шүү дээ.  

А.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж