200 гаруй хүүхдэд шинэ амьдрал бэлэглэлээ

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

200 гаруй хүүхдэд шинэ амьдрал бэлэглэлээ

Энэ хорвоод хүн болж мэндэлнэ гэдэг зүүний үзүүрт будаа тогтох лугаа адил ховорхон хувь заяа гэдэг. Тэр тусмаа эрүүл саруул, элэг бүтэн энэ хорвоод мэндэлнэ гэдэг бүүр илүү ховорхон хувь тавилан байж таарна. Сүүлийн үед нийгмийн өөрчлөлт болон бусад элдэв хүчин зүйлийн нөлөөллийн улмаас эхээс төрөхдөө эрхтэн дутуу болон элдэв согогтой хүүхдүүд төрөх болсон нь манай нийгмийн эмгэнэл болоод байна. Харин ийм хүүхдүүдийг эмчилж эрүүл саруул инээмсэглэл дүүрэн амьдрах ховорхон хувь заяаг олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд олгох болсны нэг нь Монголд үйл ажиллагаагаа явуулаад зургаан жил болж буй Туул ротари клуб юм.

Тус клуб БНСУ-ын хэд, хэдэн ротари байгууллагатай хамтран ажиллаж, 2004 оноос төрөлхийн зүрхний согогтой хүүхдүүдэд шинэ амьдрал бэлэглэхээр “Хүүхдийн зүрх” төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үүний үр дүнд 161 хүүхэд “шинэ зүрх”-тэй болж ирээдүйн эрүүл монгол хүн болон төлөвшиж байна. Хүүхдүүдэд зориулсан энэхүү буянтай үйл хэргийн хажуугаар мөн төрөлхийн уруул тагнай сэтэрхий хүүхдүүдийг эмчлэх үүднээс “Хүүхдийн инээмсэглэл” төслийг дөрвөн жилийн өмнөөс хэрэгжүүлснээр 60 орчим хүүхэд уруул тагнай нөхүүлэх хагалгаанд орж нүүр дүүрэн инээмсэглэж чадах болжээ. Монголын 200 гаруй хүүхдүүдэд шинэ амьдрал бэлэглэсэн энэ төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд Туул ротари клуб ихээхэн хүч чармайлт тавьж ажилладаг бөгөөд тэд Эх нялхас эрдэм шинжилгээний төвтэй хамтран ажиллаж тус төвийн хяналтанд байгаа хүүхдүүдээс эмч нарын зөвлөснөөр сонгож эмчийнх нь хамт солонгост эмчлүүлдэг байна. Солонгосын өндөр зэрэглэлийн эмнэлэг эмч нарын хяналтанд хийгддэг эрхтэн нөхүүлэх мэс засал багагүй үнэтэй бөгөөд нэг хүүхдэд л гэхэд дунджаар 30 мянга орчим ам. доллар зарцуулдаг аж. Харин энэ бүх зардлыг олон улсын ротари байгууллагын сая гаруй гишүүдийн хандив татвараас бүрдүүлдэг бөгөөд эмчилгээний зардлыг олон улсын сангаас тухайн эмнэлэгт нь шилжүүлснээр энэ боломж бүрддэг байна. Бусдын төлөө сэтгэл зүрхээ өгсөн энэ буянтай үйлийг санаачилсан Туул ротари клубын хувьд жил бүр ерөнхийлөгч нь солигддог бөгөөд энэ жилийн ерөнхийлөгч Б.Ургамалцэцэг өөрийн ажиллах хугацаандаа хоёр ээлжээр нийт 24 хүүхдийг зүрх,  уруул тагнайн хагалгаанд хамруулжээ. Тэрбээр саяхан Солонгос улсад очиж хоёрдох ээлжийнхээ хүүхдүүдийг эргээд иржээ. Монгол хүүхдүүдийн төлөө зүрх сэтгэлээ өгөн ажиллаж буй Солонгос эмч эмнэлгийн ажилтануудад тэрбээр клубынхээ өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлж БНСУ-д монголын бяцхан үрс хэрхэн эрүүл саруул болж байгаа талаар ярилцаж тус улсын эмнэлгийн тусламж үйлчилгээтэй танилцсан аж. Хорвоод хүн болж төрсөн ховорхон хувь заяандаа эрүүл саруул аз жаргалтай амьдрах итгэлийг өвөрлөсөн хүүхдүүдийн хагалгаа бүгд амжилттай болсоноор хоёрдох ээлжийн хүүхдүүдийн сүүлч нь энэ долоо хоногт эх орондоо ирж аав ээжтэйгээ баярын нулимстай золгожээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж