У.Мөнх-Эрдэнэ: Би дэлхийн хүн

Хуучирсан мэдээ: 2013.09.02-нд нийтлэгдсэн

У.Мөнх-Эрдэнэ: Би дэлхийн хүн

Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй холбогдуулан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Ирэх аравдугаар сард болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 64 кг-ын жинд журам ёсоор 2013 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн ОУХМ З.Энхзориг оролцох байсан ч Монголын боксын холбоо тус жинд сорил явуулж, З.Энхзориг, У.Мөнх-Эрдэнэ нарын хэн ялсныг явуулахаар шийдвэрлээд байгаагаа саяхан зарласан юм.

Гэтэл У.Мөнх-Эрдэнэ өнгөрсөн бямба гаригт хийх байсан уг сорилд оролцоогүй бөгөөд холбооны Удирдах зөвлөл дахин хуралдаж, есдүгээр сарын 14-нд хоёр тамирчны хооронд сорил явуулах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан байна. Харин Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ болон зарим хүмүүс сорил явуулахгүйгээр түүнийг ДАШТ-нд оролцуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа аж.

Хэвлэлийн хуралд гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, түүний анхны багш болон дасгалжуулагч Г.Оюунболд нар оролцлоо.

Хэвлэлийн хурлын үеэр Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Г.Оюунболд “AIBA буюу Олон улсын боксын холбооны 64 кг-ийн жинг тэргүүлж байгаа У.Мөнх-Эрдэнэ дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох ёстой. Хэн нь мэдэгдэхгүй хүнтэй /З.Энхзоригийг ингэж хэлэв/ Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ сорилго хийх шаардлагагүй. У.Мөнх-Эрдэнэ бол дээд төвшний боксчин” хэмээсэн бол,

Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ:

-“Би энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, амжилтаа ахиулна гэдэгтээ итгэлтэй байна. Гэхдээ сорилгод орохгүйгээр явна. Би 64 кг-ийн жинд өрсөлдөхийн тулд З.Энхзоригтой сонгон шалгаруулалтад орохыг хүсэхгүй байна. Би 2013 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэнээр өөрийгөө ямархуу бэлтгэлтэй байгааг нотолсон. Харин З.Энхзориг “Универсиад”-иас медальгүй ирсэн. Би ийм өөр төвшний боксчинтой сонгон шалгаруулах сорилго буюу спаринг хийхгүй. Монголын боксын холбоог зөв, шударга шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна” гэсэн мэдэгдэл хийлээ.

Монголын боксын шигшээ багийн тамирчид ирэх аравдугаар сарын 11-17-ны өдрүүдэд болох насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Ингэхдээ спорт холбоодын уламжлал, дүрэм ёсоор УАШТ-ний жин тус бүрт түрүүлсэн тамирчдаа энэ удаагийн ДАШТ-нд сойж буй. Тэдний нэг нь 2013 оны улсын аварга шалгаруулах тэмцээний 64 кг-д түрүүлж, тэмцээний Шилдгийн шилдэг боксчноор шалгарсан ОУХМ З.Энхзориг.

2012 оны Лондонгийн олимпийн хүрэл медальт, Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ хэдийгээр сүүлийн жилүүдийн амжилтаараа рейтингээ ахиулсан ч 2013 оны улсын аварга шалгаруулах тэмцээний нэгдүгээр тойрогт ялагдал хүлээсэн юм.

У.Мөнх-Эрдэнэ Олон улсын боксын холбооны чансаагаар 64 кг-ийн жинд нэгдүгээрт эрэмбэлэгдэж буй шилдэг тамирчин. Тиймээс ч тэр Монголын боксын холбоонд 2013 оны боксын ДАШТ-нд оролцох хүсэлтээ илэрхийлсэн юм байна. Хэдийгээр холбоо З.Энхзоригийг Дэлхийн аваргад явуулахаар бэлтгэж байсан ч У.Мөнх-Эрдэнийн хүсэлтийг хүлээн авч, өнгөрсөн бямба гаригт сорил явуулахаар шийдвэрлэтэл У.Мөнх-Эрдэнэ болон дасгалжуулагч Г.Оюунболд нар үүнийг шударга бус шийдвэр гэж үзэн, тоглохоос татгалзсан байна. Үүнийгээ тэд “З.Энхзориг саяхан шигшээ багийн хамт БНХАУ-д хамтарсан бэлтгэл хийгээд ирсэн. Харин У.Мөнх-Эрдэнэ төдийлөн бэлтгэл сургуулилт хийгээгүй учир тоглоход бэлэн биш” хэмээн тайлбарласан.

Аваргыг давж, аварга болдог гэдэг үг бий. Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ олон жилийн турш жиндээ тогтмол амжилт үзүүлж, олон удаа төрийнхөө далбааг тэнгэр мандуулсан боксчин. Түүнийг монголчуудаар тогтохгүй дэлхийн шилдгүүд хүндэлдэг нь тодорхой.

З.Энхзориг ч ялгаагүй дэлхийд танигдсан шилдэг боксчин. Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий алт, Европын цувралууд гээд олон улс, тив, дэлхийн амжилтууд түүнд бий. 2008 оны Бээжингийн олимпийн наадмын хүрэл медалийн төлөөх тоглолтод маш харамсалтайгаар ялагдал хүлээн, тавдугаар байрт шалгарч байсан тэр үеийг спорт сонирхогчид мартаагүй л байгаа байх. Ялгаагүй л ялалт, ялагдлын аль аль замыг нь туулж ирсэн Монголын шилдэг боксчны л нэг.

Гэтэл Монголын боксын холбоо шигшээ багийг сонгон шалгаруулах дүрмээ хүртэл зөрчин, гомдолтой гавьяатын хүсэлтээр ДАШТ-ий өмнө сонгон шалгаруулалтын сорилго хийж, халз өрсөлдөх боломжийг олгосон байна. Тэр байтугай Азийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх сорилгод ялагдахад нь хүртэл дэмжээд, түүнийг энэ жилийн Азийн тулаанд явуулсан. Өөр юу хэрэгтэй байсан юм бэ.

У.Мөнх-Эрдэнэ гавьяат өнөөдөр өөрийгөө “Би дэлхийн хүн. Би дэлхийн хүн учраас улсын аваргад түрүүлсэн хүнтэй өрсөлдөхгүй” гэж яаж хэлж чадаж байгааг олон хүн гайхаж байна. Тэр ч бас өөрөө улсын аваргын тэмцээнээс л амжилт, ялалтынхаа гарааг эхэлж байсан. Тэр ч бас дандаа дэлхийн тамирчин байгаагүй. Ялалт, ялагдлын амтыг хамгийн ихээр, хамгийн багаас нь туулж ирсэн адилхан л тамирчин хүн. Гэтэл өнөөдөр мөр зэрэгцэн тоглож, хүч зэрэгцэн тулалдаж явсан нэгнээ бараг таньдаггүй мэт аашилж байгаа нь спортын хүнээс гарах характер биш баймаар санагдана.

Би дэлхийн хүн. Би дэлхийн медальтай гээд бусдынхаа амжилтыг үгүйсгэн, албаны ажлыг шүүмжлэн босч болдог л юм бол Монголын бүх тамирчид ийм эсэргүүцэл илэрхийлдэг болох нь. Бас Монголоос зөвхөн дэлхийн аваргын медальтнууд улсдаа ямар ч шалгуургүйгээр хүссэн бүх тэмцээндээ явах юм байна… Уучлаарай, ийм жишиг хаана ч байхгүй ээ.

Хэрвээ У.Мөнх-Эрдэнэ сорил хийхгүй гэж татгалзаж л байгаа юм бол З.Энхзоригт шууд ДАШТ-д оролцох эрхийг нь эдлүүл. Спорт бол шударга өрсөлдөөний талбар. Тэрийг хамгийн сайн мэдэх хүний нэг нь уг нь, Мөнх-Эрдэнэ гавьяат та шүү дээ. Таныг юу ийм танигдахын аргагүй болгочихов оо.

Б.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж