“Оюу”, “Дэгдээхэй” цэцэрлэгүүд үүдээ нээлээ

Хуучирсан мэдээ: 2013.09.02-нд нийтлэгдсэн

“Оюу”, “Дэгдээхэй” цэцэрлэгүүд үүдээ нээлээ

“Монгол улсын “Шинэчлэл”-ийн засгийн газар, Орхон аймгийн Засаг дарга болон ЗДТГ ард иргэдээ сонсож, тэдний санал хүсэлт дээр тулгуурлан шийдвэр гаргаж, ажлаа хийж байгаагийн нэг илрэл нь өнөөдөр нээлтээ хийж буй “Оюу”, “Дэгдээхэй” цэцэрлэгүүд юм” гэж Орхон аймгийн Засаг дарга Г.Зоригт өнөө өглөө болсон “Оюу”, “Дэгдээхэй” цэцэрлэгийн нээлтэд оролцогсдод баяр хүргэн үг хэлэхдээ онцлон тэмдэглэлээ.

Монгол улсад тулгамдсан асуудал олон бий. Амьдрал өөрөө ч тулгамдсан асуудлуудын нийлбэр байдаг. Энэ олон тулгамдсан асуудлууд дундаас хамгийн тулгамдсан нь сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн сурч, хүмүүжих  таатай орчин буюу цэцэрлэгийн  асуудал хамгийн хурц нь юм байна гэдгийг өнгөрсөн долоон хоногт хэвлэл, мэдээллийн хэрэгслээс “хярвас” ханхалтал харууллаа. Ямар л суваг эргүүлнэ, цэцэрлэгт оочирлосон эцэг, эхчүүд ярилцлага өгч харагдана. Харин Орхон аймгийн эцэг, эхчүүд энэ намар сэтгэл тэнэгэр байна. Учир нь нийтдээ 560 гаруй хүүхдийн багтаамжтай хоёр цэцэрлэг шинээр ашиглалтанд орж байна. 560 гаруй эцэг, эхчүүдийн санаа амарч, ажил хөдөлмөр эрхлэх ахуй боломж нь сайжирч байна. Зориулалт бусаар ашиглаж буй байруудыг чөлөөлөн цэцэрлэг байгуулах тухай Орхон аймгийн Засаг даргын халуун хавраар гаргасан шийдвэр сэрүүт намрын шижгэр өглөө буюу өнөөдөр 9-р сарын 2-н гэхэд биеллээ олж “Оюут”, “Дэгдээхэй” цэцэрлэгүүд энхрий бяцхан үрсийнхээ өмнө хаалгаа цэлийтэл нээж байна. Багагүй хөрөнгө гарган зуны ахархан хугацаанд засвар хийн шинэчилж, иж бүрэн тохижуулж, боловсон хүчнээр бүрэн хангасан уг хоёр цэцэрлэг ашиглалтанд орсноор Орхон аймаг сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн боловсролын асуудлыг шийдэхэд дорвитой том алхам хийж чадлаа.

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт нээлтийн үйл ажиллагаанд оролцсон эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчдэд хандан үг хэлэхдээ “Боловсролын салбарт эрх зүйн шинэчлэл хийх нь энэ хичээлийн жилийн гол зорилго юм. Энд эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчдийн санал санаачлага, үйл ажиллагаа хамгийн чухал” хэмээн хэлсэн нь “Оюу”, “Дэгдээхэй” цэцэрлэгийн ч үйл ажиллагааны чигийг тодорхойлж өгсөн хэрэг юм.

Хүүхдийн ариухан инээдэнд хорвоо цалгин байдаг. Өнөөдөр Орхон аймаг хүүхдийн ариухан инээдэнд цалгин байна.


Эх сурвалж: www.erdenet.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж