
Хэрэв Монголд ийм үйл явдал болсон бол сургуулиудын дансанд орох мөнгөний хэмжээ багасч сургуулийн удирдлагууд уурлаад бөөн юм болно. Шинэхэн оюутны дуу цангинахгүй сургууль нэг л хоосон оргиод хуучин оюутнуудад эвгүй санагдах биз. Эцэг, эхчүүдийн хувьд ч ялгаагүй дээ. Хүүхдүүд нь шалгалтдаа бүдэрч гэр бүлийнхээ нэр хүндийг унагаж, айл хотлынхон нь жиг жуг гэлцээд нүүр хийх газаргүй болох биз.
Тиймээс л манай их, дээд сургуулиуд “Элсэлтийн ерөнхий шалгалт өгөөгүй байсан ч хамаагүй. Ерөнхий боловсролын сургуулиа л төгссөн бол оюутан болгоно” гэдэг зарчмыг баримтлах болсоор удаж байна. Эцэг, эхчүүд ч тэднээс ялгарах юмгүй. “Ерөнхий боловсролын сургуулиа төгсчихсөн юм чинь хувийн ч хамаагүй их, дээд сургуульд ор” гэдэг бололтой юм. Ямар сайндаа л “Манай энэ ч юм сурахгүй л дээ. Гэхдээ сургуулиас нь олгодог 70 мянган төгрөг нь хаана юм” гэдэг яриа гарсан байна гэх вэ.
Ер нь Либерийн шалгалтдаа бүдэрсэн сурагчид Монголд элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн бол бүгдээрээ л тэнцэх байсан байх даа. Шалгалтдаа унасан сурагчид болон эцэг, эхчүүдэд нь Монгол гэж ийм сайхан улс байдаг юм шүү гэдгийг дуулгачих юмсан. Либери улсын боловсролын салбарынхан манайхаас туршлага судалмаар юм даа.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
