Эмч нарын ажлын цаг ашиглалтад үнэлгээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2013.09.02-нд нийтлэгдсэн

Эмч нарын ажлын цаг ашиглалтад үнэлгээ хийлээ

Засгийн газрын “1111” төвд ирсэн саналын дагуу нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын ажлын цаг ашиглалтад үнэлгээ хийлээ

Шинэчлэлийн Засгийн Газар “11 11” төвийг байгуулж иргэддээ нээлттэй,
тунгалаг төрийг цогцлоохын тулд хүнд суртлыг халж, хурдан шуурхай
үйлчилгээг эрхэмлэж иргэдийн саналыг цахим хэлбэрээр авч, шийдвэрлэж
байгаа билээ.

Бүрэн автоматжсан системийг ашигласнаар иргэдээс ирэх санал хүсэлт, шүүмжлэл, гомдол, талархал нэг бүрийг алдахгүй хүлээн авч холбогдох байгууллагад шилжүүлэн түүний хяналт, хэрэгжилтэнд үнэлэлт дүгнэлт өгч ажиллаж байна.

Төв байгуулагдснаас хойш ЭМЯ-нд ирсэн мэдээллийн 30 гаруй хувь нь Нийслэлийн эрүүл мэндийн газар, түүний харъяа байгууллагуудтай холбоотой байсан тул НЭМГ, НЗДТГ-тай хамтран “Улаанбаатар сонсож байна” лавлагаат мэдээллийн төв 1200, иргэдэд үйлчлэх 1234 төвийг нээж, нийслэлд гарч буй асуудлыг шууд хүлээн авч, шуурхай шийдвэрлэх боломжтой болсон.

Засгийн газрын “11 11” төвд иргэдээс ирсэн саналын нэлээдгүй хувийг Өрхийн эрүүл мэндийн төвийн /ӨЭМТ/ үйл ажиллагаатай холбоотой санал эзэлж байсан тул өрхийн эмч нарын ажлын цаг ашиглалтад дүн шинжилгээ хийлээ.

Уг үнэлгээний ажил нь Эрүүл мэндийн сайдын 2013 оны 103 тоот тушаал “Хариуцлага, хяналтыг сайжруулах” жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан болно. Үнэлгээний хүрээнд ӨЭМТ-ийн эмч нарын цаг ашиглалтад НЭМГ-аас хяналт, үнэлгээ хийсэн тайлантай танилцаж санал гомдлын дагуу СХД-ийн Энх-Энэрэл, Эрүүл жаргал, Одонт манал, Эхэн босго, Энх элбэрэл ӨЭМТ, СБД-ийн Их сүндэр, Конвер, Санколл, Өнөр өрх, БГД-ийн Дэшиг дун, Итгэл угтах, ЧД-ийн Таны итгэл, Шэжид дүг, ХУД-ийн Амин хүч, Энхтитэм, Чанд авиа, БЗД-ийн Миний зөвлөгч, Сувилахуй, Энх энэрэл, Амгалан итгэлэхгүй, Тэгш дүүрэн хүслэн, Ерөөл буян оршихуй зэрэг 6 дүүргийн 22 Өрхийн эрүүл мэндийн төвд очиж ажилласан.

Нийслэлийн 8 дүүргийн ӨЭМТ-ийн тусламж үйлчилгээний төрөлд зарцуулсан нийт цагийг тооцвол:

  • Эрүүл мэндийн үзлэгт -71,7%
  • Оношлогоо,эмчилгээнд -10,5%
  • Яаралтай тусламж,үйлчилгээнд -3,1%
  • Хөнгөвчлөх тусламж, үйлчилгээнд -2,8%
  • Сэргээн засах тусламж, үйлчилгээнд -2,6%
  • Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд- 9,3%


Дүүрэг тус бүрийн ӨЭМТ-ийн тусламж үйлчилгээний төрөлд зарцуулсан цагийг авч үзвэл:

Хүснэгт 1. /Дүүрэг бүрээр/

Өрхийн эрүүл мэндийн төвийн нэг эмч байшин хороололд дунджаар 20-25 хүнд, гэр хороололд 25-30 хүнд үйлчилж байна. Нэг хүнд үйлчлэхэд 15-20 минут, жирэмсэн эхийн үзлэг 20 дээш минут зарцуулдаг байна. Өрхийн эрүүл мэндийн төвийн хэмжээнд өдөрт 5-6 гэрийн дуудлага ирж, нэг дуудлаганд байшин хороололд 15-20 минут, зуслангийн гэр хороололд 30-1.20 минут зарцуулж байна. ӨЭМТ-өөр үйлчлүүлж байгаа иргэд ихэнхдээ өглөөгүүр 10-12 цагийн хооронд ачаалал нь нэмэгддэг. Өрхийн эрүүл мэндийн төвийн ахлах эмч нар Эрүүл мэндийн нэгдэл рүү 7 хоногт дунджаар 3-4 удаа ХБӨ-ний мэдээ, ВКК, ВТЭК, ахлах эмч нарын хурал зэрэгт очдог байна.

ӨЭМТ-д шалгалт хийхээр НЭМГ-аас ирүүлсэн тайлан болон 6 дүүргийн сонгогдсон 22 ӨЭМТ-д очиж ажиллан цаг бүртгэлийн дэвтэр, гадуур эргэлтийн журнал болон бусад холбогдох бичиг баримтыг судлахад Өрхийн эрүүл мэндийн төвийн цаг бүртгэлд ажилд ирсэн, тарсан цагийг нэг янзаар /08.00-17.00/ гэж тэмдэглэсэн байх, гэрийн эргэлт, дуудлагаар гарсан цаг, очих хаягаа бүртгэлд бүрэн тэмдэглээгүй учраас хаашаа явсан нь тодорхойгүй, цайны цаг гээд хаалгаа түгжин үйлчлүүлэгчдийг гадаа хүлээлгэсэн гэх мэт дутагдалтай асуудлууд илэрсэн. Мөн ажлын цагийг бүртгэх цахим бүртгэлд шилжээгүй, цаг бүртгэлийн анхан шатны маягт хөтлөлт дутагдалтай. /ирсэн цаг бүртгэгдсэн боловч тарсан цаг бүртгэгдээгүй/ гэх мэт зөрчилтэй байсан.

Иймд ажилчдын цаг бүртгэлийн цахим системийг нэвтрүүлэх нэн шаардлагатай байна.

Эх сурвалж: www.moh.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж