Инфляци Улаанбаатарт 16,1 хувьд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Инфляци Улаанбаатарт 16,1 хувьд хүрчээ

Яг нэг сарын өмнө инфляци хоёр оронтой тоонд шилжих нь гэсэн мэдээллийг цацаж байсан бол өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос хийсэн мэдээлэлд инфляци тавдугаар сарын эцсийн байдлаар улсын хэмжээнд 13,1 хувьд, Улаанбаатарт 16,1 хувьд хүрснийг мэдээллээ. Энэ нь хүнсний барааны үнэ, үүн дотор нийслэл болоод 20 аймагт махны үнэ 50 хувь, хүнсний ногооны үнэ 10 аймагт 20 хувиар өссөнтэй холбоотой ажээ. Хэрэглээний үнийн индекс он гарснаас хойшхи хугацаанд тавдугаар сард хамгийн их өсөлттэй гарсныг мөн л махны үнийн өсөлттэй холбон тайлбарлаж байна. Түүнчлэн өнгөрсөн сард автобензин, дизель түлш 2,7-4,2 хувиар, хот хоорондын тээврийн ачаа тээврийн зардал 25 хувиар өссөн нь хэрэглээний үнийн индекст онцгой нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй байлаа. Статистикчид ийн мэдээлж байгаагаас харахад инфляци ч хэдийнэ өндрөө авсан нь тодорхой боллоо. Магад 20 хувьд хүрчээ гэсэн хар төрөөд болдоггүй. Ямартай ч статистикчид нэмж мэдээлнэ  гэж байхгүй. Харин дарж далдлах үүргийг бол “дээрээс” хэзээний өгчихдөг нь бичигдээгүй хууль. Тиймээс инфляци урьд өмнө үзэгдээгүй байдалд орж ч мэдэх нь. Одоогоос хоёр жилийн өмнө 34 хувьд хүрч байсан гашуун түүх давтагдахгүй гэх баталгааг статистикчид лав өгсөнгүй. 2008 онд инфляцийн гол буруутан нь гурил, гурилан бүтээгдэхүүний үнийн өсөлт байсан бол энэ жил харин махны нийлүүлэлт буруутаж таарав. Улс орныг бүхэлд хамарсан цас зудны гамшигт 8,8 сая мал буюу нийт малынхаа 20 хувийг, гарсан төлийнхөө 30 хувийг “тавиад туучихсан”-аас ийн инфляцийг хөөргөж орхисон байна. Нэгэнт тэнгэрт хөөрсөн инфляци газардатлаа хугацаа шаардах нь мэдээж.  Тэгэхээр хэсэгтээ л бүсээ чангалахаас аргагүй нь бололтой.

Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж