Антуан Жэмисоны найдлага

Хуучирсан мэдээ: 2013.09.02-нд нийтлэгдсэн

Антуан Жэмисоны найдлага

via NBA Lounge
Mongolia


Үеэ өнгөрөөж буй тоглогчдын нэг бол Антуан Жэмисон. Тэрээр ид үедээ лигийн
шилдэг тоглогчдын нэгт тооцогдон өндөр үнэтэй гэрээ хийж явсан ч амжилт хэмээх
зүйл түүнийг тойроод гарсан. Тэрээр арав гаруй жил мэргэжлийн лигт тоглохдоо
аварга авах нь битгий хэл бүсийн финалд ч шалгарч амжаагүй байна. Өөрийн
карьерыг тодорхой хэмжээний амжилттайгаар өндөрлөхийг хүссэн үү бүү мэд юутай ч
өнгөрсөн улирал Лэйкерс багтай тун хямдхан гэрээ хийсэн.

Гэсэн ч түүний хувьд Лэйкерст багийн болоод хувийн амжилтын хувьд тун тааруу
нэгэн улирлыг үдсэн билээ. Лэйкерсийн ерөнхий дасгалжуулагч Майк Д"Энтони
түүнийг талбай дээр цөөн минут тоглуулж өөрийн довтолгооны системдээ бараг
оролцуулаагүй. Жэмисоны хувьд ч оноо, самбар, дамжуулалт гээд бараг л бүх
үзүүлэлт нь түүний карьерын хамгийн муу үзүүлэлт нь болон үлдсэн. Улмаар гурван
сарын сүүлээр буйгуйндаа бэртэл авснаар талбай дээр ч бараг гарахаа байсан.

Жэмисон Клипперст яг ямар өөрчлөлт авчирч чадахыг таамаглан хэлэхэд тун бэрх.
Өнгөрсөн жилийн авах юмгүй үзүүлэлт нь Мело, Ховард гээд супер одуудыг ч
амжилтанд хүргэж чадаагүй Майк Д"Энтонигийн довтолгооны системтэй холбоотой
байж болох юм. Эсвэл зүгээр л түүний ид үе дууссан. Өөрөөр хэлвэл тэр унтарсан
байж болох талтай. Учир нь тэр одоо 37 настай. Тэр өнгөрсөн 20 – р зуунд л НБА
– д драфтлагдаж байсан. Тиймээс зүгээр л хэн нэгний буруу биш түүний карьер
дуусах дөхөж байгаагийн шинж ч байж магад.

Оноо түүгчийн хувьд мэдээж түүнийг хэдэн жилийн өмнөх Жэмисонтой харьцуулахын
аргагүй өөрчлөгдсөн. Өөрөөр хэлвэл муудсан. Тэрээр одоо ихэнх довтолгоогоо
гурвын шугамны араас гүйцэтгэх болсон. Түүний довтолгооны хувь болоод нэг
тоглолтонд гүйцэтгэж буй шидэлтийн тоо нь мөн л буурсаар байгаа юм.

Энэ зун хамгийн идэвхтэй солилцоо наймаанд оролцсон багуудын нэг бол Клипперс.
Тэд Ж.Ж.Редик, Жаред Дадли, Даррен Коллисон нарыг багтаа авснаас гадна дасгалжуулагч
Док Риверсийг өөрийн болгож чадсан. Жэмисоны хувьд амжилтын төлөө, аварга
хэмээх цолны төлөө хийх сүүлийн тэмцэл нь ч ирэх улирал байж болох юм. Тиймээс
өөрт байгаа бүхнээ гаргах нь ойлгомжтой. Гэхдээ энэ бол түүний баг биш. Тэр
хараахан багийн лидер биш учраас бүх зүйл багийн лидерүүд болон
дасгалжуулагчийн шийдвэрээс шууд хамаарна. Юутай ч тэрээр амжилт гаргана гэж
найдсаны үндсэн дээр л Клипперсийг сонгосон.

Д.Энхбаясгалан
2013.09.02

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж