Хүүхдийн хувьд өтгөн хаталт
гэдэг нь өдөрт 1 удаа хүндээр бие засахгүй, өтгөний байдал нь хүүхдийг бие
засахад зовоох хэмжээний хатуу байхыг хэлнэ. 2-3 сартай хүүхдийн 4-5 хоногт нэг
удаа зөөлнөөр бие засах нь үүнд хамаарахгүй. Энэ бол түр зуурын “хүүхэд баасаа
хураадаг” үе юм. Дээр дурдаж буй өтгөн хаталт нь 2-оос дээш насны хүүхдэд
хамааралтай юм.
Өтгөн хатах шалтгаанууд юу
байдаг вэ?
– Өөрөө бие даан бие засахад
бэлэн бус байхад нь бие засуулж сургах гэж албадах. Өмдөндөө бие засчих вий гэж
хүүхэд баасаа барьдаг. Ийм үед хүүхэд өтгөнөө удаан хугацаагаар барьснаас болж
өтгөн улам бүр хатуурдаг. Хатсан өтгөнөө гаргах гэж хүүхэд их зовдог, үүнээс
айсны улмаас бие засах дургүй болж эхэлнэ.
– Өтгөн хаталтын өөр нэгэн
чухал шалтгаан нь буруу хооллолт юм. Ширхэгтэй, бүхэл үрийн хүнс (хүнсний
ногоо-жимс-буудайн бүтээгдэхүүн) болон шингэн зүйл дутагдсанаас, 500-600 мл-аас
илүү сүү ууснаас үүдэн өтгөн хаталт үүсдэг.
– Хүүхдэд бие засах дадлыг
хэвшүүлээгүй байх. Энэ бол зөвхөн бага насны хүүхэд дээр биш, насанд хүрсэн
хүмүүсийн хувьд ч гэсэн хамгийн чухал өтгөн хаталтын шалтгаан байдаг. Хоол
идээд дуусахад л ходоод-гэдэс хэвийн үйл ажиллагааныхаа хүрээнд илүүдлээ шууд
гадагшлуулж эхэлдэг. Ихэнх тохиолдолд хоолны дараа хүүхэд тоглоомонд анхаарлаа
төвлөрүүлж эсвэл зурагт, компьютерийн өмнө суудаг учраас бие засахаа
хойшлуулдаг. Ингээд хүүхдийн гэдсэн дэх өтгөний шингэн хэсэг нь шимэгдэж
хатуурна. Ингээд хүүхэд бие засахдаа ундууцаж, зугатаж эхэлдэг байна.
Байнга өтгөн нь хатдаг
хүүхдэд ямар арга хэмжээ авч болох вэ?
Үнэн хэрэгтээ бол үүнийг
даван туулах арга нь дээрх буруу зуршлуудаас зайлсхийх явдал юм.
– Хүүхдийг бэлэн бус байхад
нь бие засуулах гэж албадах.
– Хангалттай шингэн зүйл
ууж, бүхэл үрийн агууламжтай хоолны дэглэм сахих, хүүхэд тань их хэмжээний сүү
уудаг бол сүүг нь багасгах.
– Хүүхдээ өдөр тутамд
тодорхой цагт, бие засах болоогүй ч гэсэн коршоконд суулгаж, тодорхой цагаар
бие засах дадалд хэвшүүлэх. Гэвч энэ нь бие застал нь коршоконд суулгаад бай
гэсэн үг биш юм. Хүүхэд бие засахгүй бол буцаагаад босгох хэрэгтэй. Хамгийн
боломжтой цаг бол хоол идсэний дараа байна гэдгийг мартаж болохгүй. Та бодоод
үз, хоол идсэний дараа гэдэс бага зэрэг эвгүйрдэг шүү дээ, энэ бол бидэнд өгч
буй “бие зас” гэсэн дохио юм. Энэ дохиог тоож, хойшлуулахгүй байх хэрэгтэй.
– Өтгөн нь хатаж, зовиуртай
байгаа хүүхдийг бие засуулахаасаа өмнө бөгсөнд нь зөөлөн тос түрхэж зөөлрүүлэх
талын арга хэмжээ авах хэрэгтэй.
– Эмчид үзүүлэхэд танай
хүүхдийн гэдсэнд өтгөн хуримтлагдсан байгааг оношилно. Энэ тохиолдолд энгийн
аргаар өтгөнийг гадагшлуулах гэж албадахын оронд бургуй тавьж эмнэлгийн аргаар
хүүхдэд гэмтэл учруулалгүй асуудлыг шийдвэрлэх нь илүү зохистой.
– Хатсан өтгөнийг шингэлэх,
ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулах эм тан уулгах нь эцсийн арга байх
ёстой. Учир нь энэ арга бол тухайн үедээ л хүчинтэй, түр зуурын аргацаах арга
барил бөгөөд байнга хэрэглэсэн тохиолдолд сүүлдээ үйлчилгээ үзүүлэхээ болино.
– Гэрийн нөхцөлд олон янзын
арга хэрэглээд барахгүй бол мэргэжлийн эмчид зайлшгүй хандах хэрэгтэй. Эмчийн
зааврын дагуу зохих эмчилгээг хийх нь зүйтэй.
Өтгөн хаталттай хүүхдэд ямар
хоолны дэглэм сахиулах ёстой вэ?
– Ялангуяа зуны улиралд
чавга, илжгин чих, амтат гуа, шийгуа гэх зэрэг жимс жимсгэнэ. Алим, лийр
зэргийн жимсийг маш сайн угааж, хальстай нь идүүлэх. Өвлийн улиралд мөн
хатаасан чавга, чангааз гэх мэт хатаасан жимсээр компот хийж уулгаж болно.
– Огурци, улаан лооль, шинэ
ногоо, байцаа, лууван гэх зэргийг оливийн тосоор амтлан салат хийж өгөх.
– Цэцэгт байцаа, броколи,
бууцай, хулуу зэргийг зөөлөртөл нь чанаж, оливийн тосоор амталсан хоол.
– Цагаан будааны оронд хөц
будаа, буурцаг, шош зэргээр хоол хийж өгөх.
– Цагаан талхны оронд бүхэл
үртэй, ширхэгтэй, хивэгний хольцтой талх хэрэглэх.
– Бэлэн өглөөний цайг янз
бүрийн шингэнд дэвтээж идүүлэх.
– Гадил, төмс, тараг зэрэг
шингэн алдалтын үед өтгөрүүлэх зориулалттай хэрэглэдэг хоол хүнсийг багасгах.
– Таны хүүхэд сүүнд дуртай,
та сүүг нь багасгаж чадахгүй байгаа бол тодорхой хэмжээнд шингэлж уулгах
хэрэгтэй.