Сэтгэлд дотно Халимаг ахан дүүсийн нутгаар

Хуучирсан мэдээ: 2013.09.02-нд нийтлэгдсэн

Сэтгэлд дотно Халимаг ахан дүүсийн нутгаар

Мэндүт… хэмээн Халимаг ахан дүүс халуун
сэтгэлээр монголын ойрадууд биднийг элгэндээ тэврэн хүлээн авлаа. 2013 оны
01.23-30-ны өдрүүдэд МВС телевизийн ерөнхий захирал Д.Мягмарсүрэнгийн
санаачлагаар “Тод номын гэрэл төв”-ийн тэргүүн Б.Бат-Амгалан, Гүйцэтгэх захирал
На.Сүхбаатар нарын дэмжлэгтэйгээр ОХУ-ын Халимагийн БНУ-д Увс аймгийн хэсэг
иргэд бид зочилсон билээ. Увс аймгийн иргэд анх удаа ийм олноор Халимаг ахан
дүүсдээ зочилсон анхны тохиолдол бөгөөд бидний бүрэлдэхүүнд төрөл бүрийн ажил
мэргэжлийн хүмүүс нэгдсэн юм. МВС телевизийн ерөнхий захирал Д.Мягмарсүрэн,
Сагил сумын Улсын сайн малчин Т.Хүрэлцогт, сийлбэрч, уран дархан Сайнбилэг
гуай, жолооч Гантулга, Хяргас сумын дунд сургуулийн хичээлийн эрхлэгч
Ч.Эрдэнэхүү, “Ойрад” театрын уран сайхны удирдаач Ц.Лхагва, МВС телевизийн
зураглаач Л.Насанбат, Увс аймгийн уугуул, “Онцын тасархай” ХХК-ийн захирал
Ж.Батсүх, БOЖСС Косметик ХХК-ний захирал Оюун нарын 9 хүний бүрэлдэхүүнтэй баг
байв. 2-оос бусад нь анх удаагаа Халимагт зочилж буй. Биднийг Элстэй хотод Халимагийн
Хүмүүнлэгийн судалгааны хүрээлэнгийн захирал Нина эгч болон тэдний хамт олон
халуун сэтгэлээр хүлээн авсан юм. Идэр есийн хүйтэн тачигнасан газраас өвс
ногоо халиурсан дулаан газарт шууд буусан өвлийн хувцастай бид нэг хэсэгтээ
сандрав. Биднийг угтсан цаг мөчөөс л “Үсэрсэн цусан, тасарсан махан“ гэдэг үг
үнэн болох нь биднийг тоссон хүмүүсийн нүүр царай, сэтгэл зүрхнээс тод харагдаж
байв. Тэдний ярьж хөөрөх нь бага насыг санагдуулам, аав ээжийг минь өөрийн
эрхгүй бодогдуулж байсан юм. Энэ Халимаг түмэн маань тэртээ Алтайн өвөр, Тэнгэр
уулаас нүүж 400 гаруй жил амьдрахдаа түмэн зовлон бэрхшээлийг үзэж хэцүү
бэрхийг туулсан нь тэдний ярианаас ойлгогдож байлаа. Элстэй хот их цэвэрхэн,
европ маягийн хот юм байна. Хотын гудамж талбайд Монголчуудын уламжлалт шарын
шашин, түүхэн баатрууд, эрдэмтэн мэргэдийн хөшөө дурсгалууд хаа явсан газар
бүрт тааралдах нь энд амьдарч байгаа хүмүүс ямарч байсан монгол гаралтай ард
түмэн мөн байна шүү гэж хэнбугай ч мэдэхээр… Заябандида Намхайжамцын хөшөө, уул
усны эзэн Цагаан өвгөний хөшөө, Жангар баатарын хөшөө, 1943-1957 он хүртэл
хүйтэн Сибирт Сталины тушаалаар цөлөгдсөн баатарлаг Халимагуудын дурсгалд
зориулсан цогцолбор хөшөө зэргийг дурьдаж болох мэт. Энэ бүгдээс харахад
сүүлийн жилүүдэд Халимаг түмний үндэсний бахархал сэргэж хүн бүхэн ”би Ойрадын
удам, миний судасаар Ойрад цус булиглан урсаж байна шүү“ гэж халимаг залуус
бахархан ярих нь олонтоо сонсогдлоо.


Халимаг оронд ирсэн Монгол хүн бүхэн эх
нутагтаа байгаа мэт сэтгэгдэл төрсөн болохоор үнэхээр сайхан. Биднийг Ойрадын
газар нутгаас ирсэн хүндтэй гийчид хэмээн Халимагийн ерөнхийлөгч Орлов
хүндэтгэн хүлээн авч уулзсан юм. Бас Боловсролын сайд хатагтай Васильева Лариса
Борисовна, мөн Батлан Хамгаалахын сайд, ОХУ-ын баатар, дөрвөд залуу Гэндэн
/монголоор бичив/ нар хүлээн авч уулзаж халуун сэтгэлийн яриа өрнүүлсэн нь
бидний зүрх сэтгэлийг огшоож орхив. Бидний уулзсан очсон газар бүрт Халимагийн
ард түмний найрсаг зочломтгой зан мэдрэгдэж байлаа. Бид Халимагийн Их Сургууль,
“Халимагийн Үнэн” сонины газар, Халимагийн телевиз, “Сайн цаг” телевиз, Ойрад
театр, Халимагийн түүхийн музей зэрэг олон байгуулагаар орж танилцсан юм.
Бидний уулзахыг хүсэж байсан нэг хүн бол Халимагийн алдарч дуучин Цагаанзам
байсан юм. Монголоо гэсэн сэтгэлтэй энэ хүнтэй багахаан хором хөөрөлдөхөд
үнэхээр сайхан байлаа.


Халимаг оронд бас Монгол улсаас тэр тусмаа
Увс аймгийн Наранбулаг сумаас малчнаар ажиллахаар очсон 4 айл амьдарч байна.
Тэд Яшкуль раойнд манайхаар бол мал аж ахуйн үржил станцын малчнаар ажиллаж
байгаа юм билээ. Сарын цалин нь нэг өрхөд 20 000 рубль буюу монгол мөнгөөр бол
900 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгө юм. Мөн дээр нь ус түлээ, 50 кг
гурил нэг уут, 2 хонины нормтой гэж малчид ярьж байлаа. Малчин Б.Дүгэрсүрэн,
“Энэ Халимагуудын өвөг дээдэс нь их ухаантай хүмүүс байсан байна. Тэд тэртээ
хол газраас ирж ийм сайхан өвс ургамалтай бараг өвөл болдоггүй сайхан нутгийг
сонгон нутагласан нь үнэхээр гайхамшигтай” гэж ярьж байсан юм.


Халимаг нутагт аялсан тэр гайхамшигтай цаг
мөч бүхэн сэтгэл зүрхнээс огт гарахааргүй байдаг билээ. Биднээс хол ч сэтгэл
зүрх нь хамт байдаг Халимаг ахан дүүстэй эргэн уулзахын ерөөл өргөе.


Бичих юм их ч сэтгүүлийн хэвлэх зай бага
болохоор ийгээд өндөрлөж байнав.

Ц.Лхагва

 Эх сурвалж: http://www.oirad.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж