Их Британи дахь Монголын соёлын төвийн захирал В.Мартыг эх орондоо түр хугацаагаар ирээд байхад нь уулзаж, түүнтэй цөөн хором ярилцлаа. Түүнийг Англи явахаасаа өмнө нь МҮОНТелевизд найруулагчаар ажиллаж байснаар нь олон хүн таних байх. Найруулагч мэргэжлээр ажиллаж байхдаа тэрээр УДЭТ-ийн тайзнаа зохиолч Батрэгзэдмаагийн “Дурласан хүн” жүжгийг найруулан тавьсанаар тус театрын тайзнаа жүжиг тавьсан гурав дахь эмэгтэй найруулагч болж байсан билээ. Тэрээр одоо Их Британи дахь Монголын соёлын төвийн захиралаар ажиллахаас гадна “Лондон MN” студээрээ дамжуулан Монгол улстай холбоотой бүхий л уулзалт, цугларалт, соёлын арга хэмжээг тэнд байгаа монголчууддаа хүргэдэг байна. Мөн 2011 онд Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн холбоог үүсгэн байгуулалцан ажиллаж байгаа ажээ.
-Англи улсад Монголын соёлын төвийг яагаад байгуулахаар болсон талаар тань яриагаа эхлэх үү?
-Хүн ер нь дэргэдээ байгаа зүйлээ анзаардаггүй амьтан юм билээ. Эх орондоо байхдаа бол хайран сайхан ижий аав минь, хангай говь, тийм ч сайхан уул ус, эх орон минь гээд байдаг ч тэдгээр сайхан, үнэтэй зүйлсээ хайрлаж чаддаггүй. Харин гадны улсад очсон хойноо тэр бүгдийг харьцуулж, санаж эхэлдэг. Тэгээд ч Лондон хотод Олон улсын соёлын төв их байдаг. Тэр бүхнийг харж явахад надад атаархах сэтгэл төрсөн. Тэгээд гурван жил орчим бусад өөр улс орнуудын соёлын төвийг судалсан. Дээрээс нь соёлын төв байгуулахын тулд олон төрлийн сургалт, дамжаанд суралцах, 4000-аас дээш гишүүнчлэлтэй байх гээд их олон шалгуур тавьдаг. Гэсэн ч би нөхрийнхөө хамтаар энэ бүх шалгуурыг давж, бүрдүүлэх ёстой бүхийл материалыг бүрдүүлээд байгуулсан. Одоогоор бид нар эх хэл, үндэсний бүжиг, соёл гээд нийтдээ 11 төрлийн сургалтыг соёлын төвөөрөө дамжуулан явуулж байна. Мөн цагаан сар, наадам, тусгаар тогтнолын баяр гээд олон тэмдэглэлт баяр ёслолыг нилээд өргөн цар хүрээтэй, өндөр утга агууллагатай тэмдэглэдэг. Анх 2009 онд байгуулж байсан ч одоо бол биднийг Англи улсын парламент, Засгийн газар нь хүртэл мэддэг болж, бидэнтэй хамтран ажилладаг болсон.
-Анх байгуулахад 4000 гишүүн байх ёстой гэж та хэллээ. Тэгэхээр одоогийн байдлаар танай соёлын төвд хичнээн хүн гишүүнчлэлтэй байдаг вэ?
-Ер нь Англид 8-10 мянган монголчууд байдаг гэсэн барагцаа судалгаа байдаг. Ямар ч байсан бидэнд одоогоор 5000 гаруй монголчуудын маань утасны дугаар, цахим шуудангийн хаяг, гэрийнх нь хаяг гээд мэдээллүүд бий. Ямар нэгэн үйл ажиллагаа, сургалт, тэмцээн уралдаан зохион байгуулахдаа бид зараа илгээгээд л монголчуудаа цуглуулчихдаг. Манай улсын Элчин сайдын яам хүртэл бидний энэ харилцаа холбоог ашиглан ажлаа явуулдаг болсон. Саяхан болсон сонгуулиудын зар сурталчилгааг л гэхэд бид тарааж, нилээд өндөр ирцтэй явуулахад нь тус дөхөм болсон.
-Санхүү зардлаа яаж зохицуулдаг юм бэ?
-Бид энэ соёлын төвийг байгуулсан цагаасаа л бор зүрхээрээ явж ирсэн. Бидний хамгийн их анхаарч, сургалтаа явуулдаг нэг зүйл бол яах аргагүй монгол хэл. Тус улсад олон жил болчихсон хүмүүс, тэдний үр хүүхдүүд эх хэлээрээ сайн ярьж чадахгүй, төрөлх хэлээ бараг мэдэхээ байчихдаг. Англид ойролцоогоор 1500 орчим хүүхэд байдаг. Гэтэл бид байр, хөрөнгө мөнгөний асуудлаас болоод ердөө 120 хүүхдийн сургалт явуулдаг. Тэгэхээр багахан сум, багийн хэмжээний сургууль тэнд үйл ажиллагаа явуулдаг гэж ойлгож болно. Тиймээс ч өнгөрсөн жил хуучнаар БСШУЯам бидэнд сурах бичиг хандивласан. Энэ жил ч бид БШУЯаманд хүсэлт тавьсан. Мөн сум, багийн сургуульд олгодог хэмжээний санхүүг бидэнд улсын төсөвт суулган олгож өгөхийг ч гуйсан байгаа. Харин энэ асуудал Засгийн газрын хэмжээнд яригдаж, нааштай байгаа гэсэн сайхан мэдээг сая ирээд сонслоо. Ер нь бусад улс орны соёлын төвүүд төрийнхөө нэгдсэн бодлогоор үйл ажиллагаагаа явуулдаг. Гэтэл манайх болохоор тус улсад гайгүй өндөр албан тушаал хашдаг, гадаад хүнтэй суусан монголчуудынхаа хүч дэмээр үйл ажиллагаагаа явуулдаг. Ер нь гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчууд маань аль шилдэг, тэргүүлэх гэсэн зүйлд нь л тэмүүлдэг. Монголчууд маань их омголон, өөртэй итгэлтэй улс.
Энэ зан чанарыг эзэн хаан Чингис маань бидэнд өвлүүлж үлдээсэн юм шиг байгаа юм.
-Таныг саяхан ЭМЯаманд хандив өгсөн гэж сонссон. Тэр талаараа жаахан дэлгэрүүлээч?
-Анх Монгол Улсын Засгийн газраас санаачлан өсвөр насны охидод умайн хорт хавдрын эсрэг вакциныг хийхээр болсоныг сонсоод бид бүхэн дэмжихээр ярилцсан юм. Тэгээд 2012 оны зургаадугаар сарын 20-нд “Рио Тинто” компаны ивээн тэтгэлгээр хандив цуглуулах ажлаа эхлүүлсэн. Ер нь бол гадаад орнуудад дээрх вакциныг 13 настайгаас нь хийж эхэлдэг юм билээ. Харин биднийг энэхүү хандивын ажлыг Английн Хун тайж Чарьлз дэмжиж өөрийн зурсан зургаа хүртэл бидэнд өгсөн. Үүнээс гадна бид ар гэрээсээ ирсэн тэмээний ноосон оймс, ноолууран цамц гээд дуудлага худалдаанд оруулж болох бүхнийг худалдаад монгол мөнгөөр 20 сая төгрөг босгосон. Энэ мөнгөө өнгөрөгч наймдугаар сарын 20-нд Эрүүл мэндийн сайд Н.Удвалд гардуулан өгсөн. Тэгэхдээ энэ мөнгийг өсвөр насны охидын умайн хорт хавдрын үнэгүй үзлэг, урьдчилан сэргийлэх ажилд зориулаарай гээд гардуулсан. Бид мөн сая Хүүхдийн төлөө үндэсний газартай хамтран ажиллахаар ярилцсан. Манай улсад хүүхдийн хөдөлмөр эрхлэлт огт буураагүйгээр барахгүй далд хэлбэрт шилжсэн байна. Тиймээс хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлаар ХТҮГ-ын мэргэжилтнүүдийг Англид аваачиж сургалтанд хамруулах, мөн тэндээс шилдэг мэргэжилтнүүдийг эх орондоо урьж газар дээр нь сургалт явуулах зэрэг ажлыг хийхээр төлөвлөсөн байгаа.