&#34Завиа далбилзуулаад баймааргүйсэн&#34

Хуучирсан мэдээ: 2013.09.02-нд нийтлэгдсэн

&#34Завиа далбилзуулаад баймааргүйсэн&#34

П.ЦАГААН: Завин дээр хамт суучихаад далбилзуулаад баймааргүйсэн

Оюу толгойн ТУЗ-д манай талыг төлөөл­дөг гурван мон­гол хү­нийг солих гэнэ гэсэн мэдээлэл гараад бай­гаа. Энэ сэдвийн хү­рээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Там­гын газрын дарга П.Ца­гаан­тай ярилцлаа.

-Таныг Оюу толгойн ТУЗ-ийн гишүүнээсээ чөлөөлөгдөх өр­гөд­лөө өгсөн гэж байсан. Энэ үнэн үү?

-Би одоогоор өргөд­лөө өгөө­гүй. Гэх­дээ өнөө­дөртөө багтаа­гаад ТУЗ-өөс чөлөөлөг­дөх өргөд­лөө өгөх бодол­той бай­на.

-Яагаад та энэ аж­лаасаа тат­галзах болов оо?

-Гурван жил ажил­ла­лаа. Энэ хуга­цаанд ца­гаан цаасан дээр байсан Оюу толгой төслийн бү­тээн байгуу­лалтын ажил өр­нөж, эхний үе шатны бүх зорилт хугацаандаа ам­жилттай хэрэгжиж  дуус­­сан. Баяжуулах үйлд­­вэрийн аварга том дам­рууд өнгөрсөн оны арван­хоёрдугаар сарын 27-ноос хойш тасралтгүй эргэл­дэж байна. Оюу тол­гойн зэс алтны ордын баяж­малын экспорт энэ оны долдугаар сард эхэ­сэн. Хөрөнгө оруулалтын гэ­рээнд заа­сан нөх­цөлийн дагуу өнөө­дөр ил уурхай төсөл хүчин ча­далдаа хүрч, хоногт 100-гаад мян­ган тонн хүдэр олбор­лож эхэллээ. Үүнийг удах­гүй дэлхий нийтэд албан ёсоор зар­лана. Сайн мэ­дээ байгаа биз дээ. Өн­гөр­сөн хуга­цаанд далд уурхайн ба­рилга байгуу­ламжийн ажил ч хийгдэж эхэлсэн. Товчдоо, үүргээ бие­лүүл­сэн. ТУЗ-ийн гишүүн болс­ноос хойш миний ажил төрөл ч өөрч­лөгдсөн. Там­­гын газрын дарга бо­лохоор Ерөнхийлөгчийн төлөө­лөл мэтээр буруу ойлгогдох явдал ч мэр сэр гарах юм. Ер нь, төслийн дараагийн үе шат эхэлж байгаа учраас шинэ хүн эхнээс нь хариу­цаад явах нь ч зөв.

-Оюутолгойн ТУЗ-ийн гишүү­нийхээ үүр­гийг хэр сайн бие­лүүл­сэн гэж үздэг вэ?

-ТУЗ-ийн гишүүд Хувь нийлүү­лэгчдийн байгуул­сан гэрээнүүд, Компа­нийн дүрмийн хүрээнд ажил­ладаг. Үүргээ ха­риуц­­лага­тай, нэр төр­тэй биелүүлсэн гэж бо­дож байгаа. Бидний түү­хэн зо­рил­го бол Оюу тол­гойн эхний ээлжийг ашиг­лал­тад оруулах байсан. Ашиг­­­лалтад оруул­сан. Барилга байгуу­лам­жийг хугацаанаас нь хагас жи­лийн өмнө дуус­гасан бо­ловч гадны хүчин зүйлээс хамаарч ол­бор­лох үйл ажиллагаа нэ­лээд хой­шил­сон тал бий. Гэхдээ яг цагтаа эхэлсэн. Юутай ч, Монголын маань эдийн засаг нэг шинэ хөлтэй, тул­гуур­тай болоход хувь нэмэр оруул­­сандаа баяртай бай­на. Оюу толгой энэ зууны хамгийн том бүтээн байгуулалтын нэг.

Төслийг хэрэгжүүлэх явцад, хувь нийлүү­лэгч­дийн гэрээнд Мон­голд ашигтай өөрчлөлт оруу­лахад, ялангуяа манай талын төлөх зээ­лийн жи­лийн хүүг таван хувиар буу­руу­­лахад чухал үүрэг гүй­цэтгэсэндээ баяртай яв­даг. Зээлийн хүү таван хувиар буурахад Мон­голын зээ­лийн дарамтын хэмжээ 1,5 тэрбум ам.дол­лараар багассан гээд бод доо. Чингэс бондын дүн­тэй тэнцэж байгаа биз. Ирээдүйн зарлагаа тийм хэмжээгээр багас­галаа гэ­сэн үг шүү дээ. Үүнээс гадна Бараа үйлчилгээ худалдан авах ажиллагаанд Мон­голын компаниудын оролцоог нэмэгдүүлэх талаар цу­цалтгүй тэмцсэний үр дүн гарч, тусгай бодлогын баримт бичиг бат­лагд­сан. Хэрэгжүүлж эхэлж бай­гаа. Одоо эхний ээлжинд үндэсний компаниуд, да­раа нь хамтарсан, тэгээд олдохгүй бол гадаадын компанид өгдөг болно. Өмнөговийн компа­ниу­дад нэмээд үнийн урам­шуулал ч олгож байгаа. Энэ нь татварын үрэлгэн хуваарилалтаас ха­маа­гүй илүү өгөөжтэй зам. Үүний хэрэгжилтийг хан­гуу­лахад цаашид ч сай­тар анхаарах хэрэгтэй шүү гэдгийг энэ далимд хэлчихье.

Зарим үед бухимдах, хатуу хөтүү үг хэлэх явдал байсан ч ТУЗ-ийн ги­шүүд­тэйгээ ойлголцож энэ том төслийн олон асуудлыг цагт нь шийдэж ирсэн. Яаж бүх зүйл биднийхээр болохов дээ гэж бодох үе ч байс­ныг нуугаад яахав. Энэ дашрамд, хам­тарч ажил­ласан бүх хүнд гүн талархал илэрхийлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

-Та гурвын Оюу тол­гойн ТУЗ-д очсон томил­гоо  мэргэжлийн бус хү­мүүс гэсэн шүүмж­лэлийг араасаа дагуул­сан. Үнэхээр мэргэжил шаардахаар тийм хүнд ажил байсан болов уу?

-Хүмүүсийн санал бо­дол янз бүр л байна шүү дээ. ТУЗ-д ажил­лах мэргэ­жил гэж байхгүй, харин тэнд ажиллах чадварын тухай асуудал бий. Би өмнө нь төр зас­гийн янз бүрийн ажил албыг ха­шихын зэрэгцээ Орос-Монголын хамтарсан үйлд­вэрүүд болох Эр­дэнэт, Монросцветмет нэгдлийн ТУЗ-ийн дарга, гишүүнээр ажиллаж бай­сан. Товчдоо миний хийж бай­сан ажил төрлийн мэдлэг, турш­лага зэргийг харгалзаж Оюу толгойн ТУЗ-д оруулсан байх.

-Ээрэм талд боссон тэр том үйлдвэрийг ийм богино хуга­цаанд ба­риу­лахад элдэв бэрх­шээл зөндөө л байсан байх даа. Бид чинь тэр үед хамт ярьж эхэлсэн Таван толгой, Тав­ду­гаар цахилгаан станцаа одоо ч ярь­ж мунгин­саар л сууж байна.

-Юуны өмнө энэ төс­лийг хэрэг­жүүлэхийг Мон­голын Засгийн газ­ар бүх талаар дэмжиж, хам­тарч ажиллахыг чухал­чилж ирснийг онцолж хэл­мээр байна. Мэдээж хэрэг үүний хажуугаар манайх­ны есөн шидийн хүнд суртал, зөв­шөөрөл, хийр­хэл, бас төсөл хэрэг­жүү­лэхэд оролцож бай­гаа зарим гадаадынхны ойвор­гон зан, бус­дын дарамт шахалт гээд олон сорилт бэрхшээл тулгарч байсан. Тэдгээрийг даван туулж, төслийн эх­ний ээлжийг хугацаанд нь бариулж дуусгаж  чадсан. Энэ бол хамтын амжилт. Энэ дашрамд хэлэхэд, ТУЗ-ийн хурлын бүх про­токол үг үсэг, авиагаар  бичигддэг. Тийм боло­хоор хожим Оюу толгойн түүхийг бичих хүмүүс хур­лын про­токолыг уншаад их со­нирхолтой зүйлийг ил болгох байх даа.

-Оюу толгойн төсөл "зогс­чихсон" юм шиг ойлголт гадуур байх юм?

-Оюу толгой зогсоо­гүй. Ажил­лаж байгаа. Оюу толгойн  ил уур­хай төс­лийн хүчин чадлаараа ажиллаж эхэлж байгааг дээр хэл­сэн. Энэ ил уур­хай Оюу толгойн ордын нөөцийн 20 орчим хувийг олборлоно. Нөөцийн 80 хувь нь газрын гүнд, ойрол­­цоогоор 1300 мет­рийн дор байгаа. Түүнийг далд уурхай буюу төс­лийн хоёрдугаар шат гээд байгаа юм. Таван мет­рийн диаметртэй Улаан­баатараас ма­най улсын хойд хил хүрэх хэм­жээний урт хонгил баригдах бө­гөөд газар дор блоклон нураах аргаар олбор­лолт явуулна. Хүдрээ том лифтиэр дээш зөөнө. Га­зар дор олон машин тех­ник, олон хүн ажиллана. Газар дор 30-40 хэмийн дулаан байгаа. Тэнд үйл ажил­лагаа хэвийн явуу­лахын тулд агаар­жуу­лалт, аюулгүйн болон техникийн нарийн горим, менеж­ментийн ажил их.  Далд уурхайг барьж бай­гуу­лах ажил олон жил үргэлжилнэ. Гүний уурхай ажиллаж эхэлтэл дахиад 3-4 жил шаар­дагдана. Энэ шатны барилга бай­гууламжийн ажил яваг­даж байсан боловч сан­хү­үжилтийг зогсоох шийд­вэрийг Рио Тинто компани Лондонд гарга­чихаад түүнийгээ Торкуйс Хил, Оюу Толгой ком­па­нид тулгасан. Нэгэнт далд уурхайн санхүүжилт зогссон болохоор зарим ажлын байр хаагдана. Харин ил уурхай ажил­ладгаараа ажиллана.

-Рио Тинто яагаад тийм шийд­вэр гаргасан юм бол. Хөрөнгө оруу­лал­тын гэрээгээр хү­лээсэн төслийг санхүү­жүүлэх үүргээ бие­лүүлж чадаагүй юм бо­лов уу, эсвэл Ц.Сэд­ваан­чиг захирлын за­хиа тэ­гэж их нөлөөлсөн үү?

-Төслийг санхүү­жүү­лэх, бас менежмент хийх нь хөрөнгө оруу­лагч та­лын хүлээсэн үүрэг. Мон­гол Улсын өмнө тийм үүрэг хүлээсэн. Үүнийхээ төлөө багагүй мөнгө авч байгаа нь ч үнэн. Олон улсын банк санхүүгийн байгууллагаас зээл авах нь төслийг санхүүжүүлэх нэг л хувилбар. Давуу эрхийн хувьцаа­гаар сан­хүүжүүлэх төлөвлөгөө нь тасарсантай ч холбоотой биз. Төслийг зөвхөн зээ­лээр санхүү­жүүлнэ гэж Хөрөнгө оруулалтын гэ­рээнд заагаагүй. Бас үгүйс­гээгүй гэж хэлж бол­но. Рио Тинто төслийн санхүүжилт босгож бай­гаа нөхцөл дотор Мон­голын тал яагаад ч хү­лээж авахын аргагүй, Хө­рөнгө оруулалтын гэрээ­тэй зөрчилдсөн зүйл бай­гаа. Олон өнцөгтэй, булан тохойтой зураг зурчихаад үүнийг заавал дугуй гэж хар гэж шахахтай агаар нэгэн нөхцөл тулгаад бай­гаа нь нууц биш. Түүнийг нь хүлээж авахгүй боло­хоор Монгол гэж ийм муу­хай улс байдаг гэсэн утга­тай хар пиарт гар та­тахгүй байхыг нь бо­доход Рио Тинто давхар тоглолт хийж байгаа бололтой байна.  За за, энэ сэдвийг цаашаа гүнз­гий­рүүл­мээр­­гүй байна. Тийм уч­раас бид арга буюу адил­хан л тоглолт хийх хэрэг­тэй болж байна. Тэрнээс Ц.Сэд­ваан­­чиг захирлын захи­дал бол шалтгаан биш, шалтаг нь.

-Тэд тэгээд юу бо­доод байгаа юм бол?

-Өөрсдөөс нь асуух хэрэгтэй байх. Асуусан ч хариулахгүй болов уу. Рио Тинто Оюу толгой­гоос, тодруулж хэлбэл гүний уурхайгаас хүртэх ашгаа нэмэгдүүлэхийн тулд хоёр талд шатар тоглож байгаа нь нууц биш. Тэдний бодлыг бу­руут­­гах аргагүй ч, хөлдөө манай улсын нэр хүндийг чирч, гадаадын хө­рөнгө оруулалтыг үргээлцэхэд хувь нэмэр оруулж бай­гаад нь үнэхээр харамсаж байна. Яг үнэндээ бол шүүх дээр өнөөдөр очвол Рио Тинто шууд л ялаг­дана. Гэхдээ бид заргал­дахгүйгээр хэл амаа олоод, хамтраад цаашаа явмаар байгаа юм. Завин дээр хамт суу­чихаад далбилзуулаад баймааргүйсэн. Загасанд сайхан явна гээд ярьж тохирчихоод завин дээр гарсныхаа дараа, тороо томсгох гээд, аль эсвэл маниу­сынхаа гарыг алга­даад загас бариулахгүй  ааш­лаад, бас хажуугаар нь бусад завьтай хүмүүст муулаад яваад байгаа нь үнэндээ таалагдаагүй. Аливаа юм хэм­жээнээсээ халих осолтой. Эргэж савдаг явдал ч бий. Бумерангийн хууль. Бу­меранг яаж нисдэгийг австраличууд сайн мэд­нэ.

-Далд уурхайн ажил дахиж хэзээ сэргэх вэ?

Сэргэж л таарна. Гэх­дээ манай­хаас бага шалт­гаална. Риод сан­хүү­жүүлэх мөнгө бараг байхгүй. Өмнөх санхүү­жил­тээ хүр­тэл бу­цааж авах гээд байгаа хү­мүүс.  Оюу толгойн ашгаас хүр­тэх боломж нь нэмэгдсэн цагт л сэргээхийг бодох байх. Нэг сумаар хоёр, гурван  туулай агнах бо­долтой үйлдэл хийж бай­гаа нь нууц биш.

Монголын Засгийн газ­­рын тө­лөө­лөгчид Лон­донд очихыг л хү­лээж байгаа хүмүүс гэж бодвол эндүүрэл. Тэмээ хариул­сан хүн буурынхаа занг андахгүй гэдэг шиг гурван жил хэрэлдэж хэлэлцсэн хүний хувьд түншүү­дийн­хээ зан, ааш аягийг га­дарладаг болчихоод бай­гаа.

-Нэгэнт та ажлаасаа чөлөө­лөгдөхөөр шийд­чихэж. Хэдэн жил хэ­рэл­дэж, хэлэлцсэнийх бие биеэ сайн ойлгох байх. Энэ дашрамд Риод хандаж хэлэх үг танд байгаа байлгүй дээ?

-Хоёр зүйл л хэлье. ТУЗ дээр хэлж байсан миний үгийг уншиж, са­наж бай л гэх үү дээ. Хэ­рэг болно. Нэг том дарга ажлаа өгөхийн­хөө өмнө, "Цагаан аа чиний хэлж байсан үг чинь зөв, үнэн байж. Болдог сон бол цагийг ганц хоёр жилээр ухраачихмаар байна" гэж байсан. Хоёр дахь нь, төслийн хоёр дахь шатны ажлаа удаах ту­сам аль аль тал нь хохир­но. Өнөө­дөртөө Монгол хохирч байгаа мэт боловч хэтдээ та нар илүү ч хо­хирч магадгүй шүү.

-Цаашид Монголын тал юунд анхаарах ёс­той вэ?

-Оюу толгойн хоёр дахь үйлд­вэр байхгүй юм шиг бодоод өөр хэд хэдэн том төсөлтэй болохын төлөө ажиллацгаая л даа. Рио Тинто Оюу толгой төслийн хоёр дахь шатны сан­үүжилтээ зогсоосон нь бидэнд ухаарал, бас гар­цын талаар бодох бо­ломж ч олгож байгаа юм бил үү. Хэн мэдлээ.

-Таныхаар Оюутол­гойн Хөрөнгө оруулал­тын гэрээ монгол­чуу­дад хэр үр өгөөжтэй, сайн гэрээ вэ?

-Сурах бичигт ормоор гэрээ.

-Сайн, саар аль ут­гаар вэ?

-Олон утгаар гээд ойл­гочих. За, яриагаа өндөр­лөх үү, хоёулаа. Дурсамж бичих цаг гарвал тэр үед дэлгэрэнгүй ярья.

-Та цаашид Оюу тол­гойтой холбоотой ажил­лах уу?

-Хүссэн ч эс хүссэн ч холбогдох л байх даа. Төслийг зогсоох биш, явуу­лахын төлөө ямагт байна.

Ч.АННА

Эх сурвалж: "ӨДРИЙН СОНИН"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж