“Сандэй” худалдааны төв нь 2009 онд ашиглалтад орсон, долоон давхар, төмөр бетонон караказан хийцтэй, хөөсөнцөр дулаалгатай, ханыг хөнгөн блокоор барьсан, сендвичен ханатай, авралтын гурван гарцтай барилга юм байна. Нийслэлийн Онцгой байдлын газраас 2010, 2011, 2013 онд хийсэн гэнэтийн осол, гамшиг, галын шалгалтаар санаанд буухааргүй их зөрчил, дутагдал илэрч байсан аж. Худалдааны төвийг анхны зураг төслийн дагуу бариагүй, барилгын зураг төслийг өөрчлөхдөө холбогдох байгууллагуудад мэдэгдэж, зөвшөөрөл аваагүй, авралтын зам гарцыг хаасан, урсдаг шат болон хоёр талын шатыг хааж лангуу байрлуулсан, шатны хонгилуудад утаа үл нэвтрэх хаалтуудыг хийж өгөөгүй зэрэг нь үйл ажиллагаа явуулах эрх олгохгүй байх хангалттай үндэслэл байж. Мөн барилгын гаднах ханыг буюу бүх цонхыг төмөр хийцээр хааж, торлосон нь гаднаас нь авралтын ажиллагаа явуулах боломжгүй болгосон, зарим газарт цахилгааны монтаж, холболтыг хийгээгүй, гал мэдрэгч суурилуулсан хирнээ гал унтраах төхөөрөмжийг суурилуулаагүй, ослын үед гарцыг заах ослын гэрэлтүүлэггүй гэхчилэн ноцтой зөрчлүүд илэрч байжээ.
Дээрхи ноцтой зөрчил нь шалгалтаар илрээд байхад холбогдох байгууллага нь ямар арга хэмжээ авч байсныг нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга Д.Эрдэнэбаатараас тодруулахад “Онцгой байдлын газраас өөрсдийн эрх мэдлийн хүрээнд 2012 онд тус худалдааны төвд 250 мянган төгрөг, 2013 онд худалдааны төвийн гурван албан тушаалтанд 180 мянган төгрөгийн торгууль ногдуулж байсан. Мөн 2013 оны дөрөвдүгээр сард тус худалдааны төвийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр хүргүүлсэн. Үндсэндээ “Сандэй” худалдааны төвийн үйл ажиллагаа зогссон байх ёстой байсан юм. Гэтэл тус худалдааны төвд худалдаа эрхэлж, амьдралаа авч яваа 800 гаруй түрээслэгчийн эсэргүүцлээс болоод шууд хаалгыг нь барьчихаж болохгүй байгаа юм. Худалдааны төвийнхөн зөрчлөө 2009 оноос эхлэн бага багаар арилгаж байгаа ч гэнэтийн осол гарахад ямар аюул тохиолдохыг хэлж мэдэхгүй байна” гэлээ. Оройн цагаар буюу үйлчлүүлэгчгүй, мөн гал унтраах албаныхан түргэн шуурхай ажилласаны хүчинд галыг газар авахуулахгүй унтрааж амжсан нь аз болж. Өдрийн цагаар гал гарсан бол хоёр метрийн өргөнтэй нарийн шатаар иргэд хэрхэн гарах байсныг төсөөлөхөд ч бэрх байна.
Үнэндээ гал гарч, хүний амь эрсэдсэн “Нарантуул” олон улсын худалдааны төвийн хүнсний битүү зах, дээвэр нь шатсан “Сандэй” худалдааны төв мөн л үйл ажиллагаа явуулах эрхгүй барилгууд байжээ. Худалдааны төвүүд зөвшөөрөлгүй мөртлөө үйл ажиллагаа хэвийн явуулаад байдаг, зөрчлийг нь арилгуулж, зөрчилтэй тохиолдолд хориглох ёстой байгууллагуудын албан тушаалтнууд анзаараагүй юм шиг, мэдээгүй мэт байдгаас болж цаашид хэдэн хүн эд хөрөнгөөрөө хохирч, хэдэн хүний эрдэнэт амь эрсдэхийг аюултайг таашгүй юм.