Шинэхэн дэлхийн аварга М.Уранцэцэг фэйсбүүкийн найзуудтайгаа амжилтаа хуваалцжээ. Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын эмэгтэй тамирчдын анхны алтан медалийг хүртсэн тэрээр,
“Би анх 2009 онд “Амжилтын төлөө хамтдаа” ТББ-ын ах, эгч нараасаа “Аваргын халаа” шагналыг гардаж, тэр шагнал надад маш их урам зориг өгч билээ. Мөрөөдлийн минь хөтөч болсон ах, эгч нартаа баярлалаа. Намайг үргэлж тусалж дэмжиж байдаг Х.Баттулга сайддаа, Жүдо бөхийн холбооны хамт олондоо, Дэд ерөнхийлөгч нартаа баярлалаа. Мөн нойроо хагаслан байж намайг сэтгэл зүрхээрээ дэмжиж байсан Ард түмэндээ баярлалаа. Би цаашид улам их хөдөлмөрлөж, олимпийн аварга болохын төлөө хичээх болно” хэмээн фэйсбүүктээ бичжээ.
Өсөх ирээдүйтэй, залуу тамирчдыг тодруулж, олимп, дэлхийн медальтнууд өөрсдөө залгамж халаагаа урамшуулан дэмжих зорилготой “Аваргын халаа” шагналыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, жүдо бөхийн дэлхийн аварга Х.Цагаанбаатар, Бээжингийн олимпийн аварга Э.Бадар-Ууган, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Наранбаатар нарын байгуулсан “Амжилтын төлөө хамтдаа” ТББ-аас 2009 онд санаачлан олгож эхэлсэн юм.
Энэ шагналын анхныхыг хэдхэн хоногийн өмнө Дэлхийн аварга цол хүртсэн Мөнхбатын Уранцэцэг хүртэж байсан бол шатрын Ази тивийн аварга /охидын 9-10 насны ангилал/, өсвөрийн дэлхийн аварга Д.Номин-Эрдэнэ мөн “Аваргын халаа”-гийн эзнээр тодорч байсан юм.
Аваргуудын санаачилсан “Аваргын халаа” шагнал энэ жилийн эзнээ хүлээж байна.