Хүүхдэд хүссэн болгоноо авч болохгүй

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Хүүхдэд хүссэн болгоноо авч болохгүй

Хүүхдүүд ааш нь хөдлөхөөрөө орилж хашгиран, янз бүрийн авир гаргах нь цөөнгүй.  Энэ нь тэдний уур бухимдлаа гаргаж, ямар нэг зүйл хүслээр нь болоогүйг илэрхийлдэг арга нь юм. Хэрэв энэ үед нь зөв харьцахгүй бол тэд хүмүүсийн анхаарлыг татаж, хүссэн болгоноо авахын тулд ингэж аашилдаг болно. Хамгийн зөв арга бол хүүхдээ тайвшруулж, ингэж аашлах нь буруу гэдгийг ойлгуулах.

Хүүхдийг орилж хашгирч, уйлах үед яаж тэвчих вэ ?
a) Хүүхдийг шийтгэж  болохгүй.  
b) Хүссэн болгоныг нь авч өгч болохгүй.
c) Тайван байж, анхаарахгүй байгаа царай гарга.  
d) Хүүхэд өөрийгөө  гэмтээхээс сэргийл.  
e) Болж өгвөл ганцааранг нь байлга.  
f) Бусад хүмүүсээр загнуулах хэрэггүй.

Хүүхэд орилж хашгирч байгаа бол ухаанаа алдтал уурлаж байгаа хэрэг. Харин та  тайван байдлаа алдаж болохгүй. Түүнийг загнаж зандран, алгадах нь байдлыг улам хүндрүүлэхээс гадна түүний зан аашийг засахад удаан болно. Түүнийг аргадаж хүссэн болгоныг нь өгөх нь мөн л муу үр дагавар авчирна. Энэ нь хүүхдийн аав ээжийгээ хүссэнээрээ байлгах гэсэн арга бөгөөд зарим тохиолдолд насанд хүрсэн хойно  ч хэвээр байдаг.
Гэрт: Хүүхэд орилж хашгираад эхэлвэл тайван байж түүнийг бусдаас тусгаарлаж  өрөөнд нь оруулах эсвэл тоглоомтой нь үлдээ. Түүнийг тайвширахаас нааш очих хэрэггүй. Тайвширсан хойно нь ингэж загнах нь буруу гэдгийг ойлгуул. Хэрэв хүүхэд өөртөө аюул хүргэхээр байвал ганцааранг нь үлдээж хэрэггүй. Хажууд нь байж уг үйлдэлд нь хариу өгөхгүй бай. Түүнийг огт анхаарахгүй байгаа дүр үзүүл.  
Олон нийтийн газар:  Хэрэв хүүхэд чинь олон нийтийн газар орилж чарлаад байвал хүмүүсээс зайдуу газар аваачихийг хичээ. Хамгийн тохиромжтой газар бол машин. Түүнийг суулгаад суудлын бүсийг нь  бүсэл. Түүнийг тайвширах хүртэл машины хажууд эсвэл хажууд нь суух хэрэгтэй. Хүүхдээ тайвширч зүгээр болсон хойно нь энэ тухай ярилцаж ойлгуул. Зарим тохиолдолд хүүхэд олон нийтийн газраас зайдуу аваачих боломж ч өгдөггүй. Ийм үед таны хийж чадах зүйл бол хүүхдээ орилц хашгирч, өөрөөс чинь чангааж байгааг, бусдын ажиглаж , шүүмжлэн ярьж байгааг үл тоож жишимгүй хэвээрээ  байх.  Хүүхэд ингэж загнаад ашиггүй гэдгийг мэдээд тайвширч дуугүй болно. Харин энэ үед нь түүнтэй ярих хэрэгтэй.
    
Хүүхдэд яаж ойлгуулах вэ?
Хүүхэд уйлж, орилж хашгирахаа больсон хойно  болсон зүйлийг халуун дээр нь ярих нь зүйтэй. Тэр мэдээж уурлаж бухимдсандаа ингэсэн гэдгийг та мэдэж байгаа болохоор яагаад ингэж загнасан тухай нь асуух хэрэггүй . Орилж хашгирах нь  буруу гэдгийг тайлбарла. Ийм аргаар хүссэн болгоноо авч болохгүй гэдгийг ойлгуулахыг хичээ. Мөн уурлаж бухимдсан байлаа ч ингэж загнаж болохгүй гэдгийг хэлж өг. Аль ч  насны хүүхдэд ингэж ойлгуулах нь чухал. Хөлд орж байгаа хүүхэд ч үүнийг ойлгоно. Тэд ийм насандаа ярьж чадахаасаа илүү ойлгодог юм. Хүүхэддээ орилж  хашгирч, юм шидэж, хана өшиглөж  огт болохгүй гэдгийг  ойлгуул. Гэрт түүнээс өөр хэн ч ингэж аашилдаггүй гэж хэл.  Зөвхөн муу хүүхэд л ингэдэг гэж ойлгуулахыг хичээ. Хүүхэд зөв юм хийх дуртай байдаг.  Хэрэв хүүхэдтэй том хүн шиг харьцвал тэр том хүний ааш авирыг сурна. Хэрэв тэдэнтэй хүүхдийн үгээр харьцвал илүү ойр хүлээж авна. Түүнээс хэрэв уур чинь хүрээд байвал уур хүрч байна  гэж хэлж байхыг  гуй. Дараа нь дараагийн удаа уурлахаараа хашгирах уу гэж асуу. Тэр гарцаагүй үгүй гэж хэлнэ. Үүнийг байнга хүүхдээр хэлүүлж байгаарай.  Мэдээж та ийм зүйлтэй олон удаа тулгарах болно. Бүх эцэг эхчүүд ийм зовлонг дайраад гарсан юм шүү.
 
Орилж  хашгирахаас яаж сэргийлэх вэ?  
Манай охин ресторанд орохоор явах үед байнга орилж хашгирдаг байсан юм. Ер нь хүүхдүүд аав ээжтэйгээ гадуур гарахдаа ингэж загнах нь их байдаг. Тиймээс та гэрээсээ гарахаас өмнө түүнийг олон хүмүүсийн хажууд орилж хашгирахгүй, харсан болгоноо авах гэж зүтгэхгүй, аав, ээжийнхээ үгэнд орвол авч явна гэж хэлж бай.  Хэрэв тэр дэлгүүрт харснаа авах гэж зүтгээд, таныг эвгүй байдалд оруулвал үүнийг  тоглоом шоглоом болгон хувирга

Хүүхэд: “Би чихэр авмаар байна.”
Та: “Би Марс руу аваачих хөлөг авмаар байна.” 
Хүүхэд: “Надад чихэр өг.” 
Та: “Надад Марс руу аваачих хөлөг өг.”
Хүүхэд: “Надад чихэр өг.”    
Та: “Хэрэв чи надад марс руу аваачих хөлөг өгвөл би чамд чихэр авч өгье.”    
Хүүхэд: “Май” гээд гар дээрээ юм байгаа юм шиг харуулна.
Та: “Май” түүнд чихэр өгч байгаа дүр үзүүл
 Хүүхэд: “Энэ чинь жинхэнэ биш.”   
Та: “Чи ч бас надад жинхэнэ хөлөг өгөөгүй.”
Хүүхэд: “Надад жинхэнэ хөлөг байхгүй ш дээ.”
Та: “Тэгвэл чи азгүй л байна даа.”
 Магадгүй ийм арга хүүхэд бүрд тохирохгүй байж мэдэх ч миний шилдэг арга юм шүү. Хүүхдэд юуг авч болох, юуг авч болохгүй вэ гэдгийг ойлгуулах нь хамгийн чухал. Хүүхдүүд үүнийг ойлгож чаддаг ч том хүмүүс өөрсдөө үүнийг ойлгож чаддаггүй нь харамсалтай.

Бэлтгэсэн Н. Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж