ФИЛА-гаас танилцуулга хийх багийг томилжээ

Хуучирсан мэдээ: 2013.08.31-нд нийтлэгдсэн

ФИЛА-гаас танилцуулга хийх багийг томилжээ

Швейцари улсын Лозанн хот дахь Корзье-сюр-Вевей шилтгээнд байрладаг Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо /ФИЛА/-ноос есдүгээр сарын 8-ны ням гаригт Аргентины нийслэл Буэнес-Айрес хотод болох ОУОХ-ны 125 дугаар чуулганд бөхийн спортын талаар танилцуулга хийх багийг томилсноо зарлалаа. ОУОХ-ны энэ чуулганаар 2020, 2024 онуудад болох олимпийн наадмын хөтөлбөрт нэмж оруулах нэг спортын төрлийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх юм.

Танилцуулга хийх багийг ФИЛА-гийн Ерөнхийлөгч Н.Лалович, олимпийн аварга, канадын бөх Кароль Хьюн, Францийн бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, олимпийн хүрэл медальт Лиза Легранд, олимпийн аварга, канадын бөх Даниэль Игали, Америкийн олимпийн хороооны ерөнхийлөгч асан, чөлөөт ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт Жим Шир нарын бүрэлдэхүүнтэй баталжээ. Энэ баг энэ оны тавдугаар сард ОХУ-ын Санкт-Петербуг хотод болсон ОУОХ-ны Гүйцэтгэх хорооны хуралдаанд мөн бөхийн спортын танилцуулгыг амжилттай хийж байсан юм.

ФИЛА-гийн Ерөнхийлөгч Н.Лалович ОУОХ-ны чуулганд явахын өмнө сэтгэгдлээ ярихдаа, бөхийн спортын танилцуулгыг өмнө нь амжилттай хийж байсан багийг Буэнес-Айрес хотод болох түүхэн үйл явдалд дахин томилсонд бид баяртай байна, өнгөрсөн долоон сарын хугацаанд холбооны Товчоо, бөхийн өнөр гэр бүл, бөхийн спортыг хөгжөөн дэмжигчдийн өрнүүлсэн их ажлыг бид ОУОХ-ны чуулганд танилцуулж чухам яагаад өнө эртний төдийгүй орчин үеийн бөхийн спортыг 2020 оны олимпийн наадмын хөтөлбөрт оруулах ёстойг үндэслэлтэй тайлбарлана.” гэж онцлон тэмдэглэлээ.

Ненад Лалович, сербийн иргэн, 2006 оноос ФИЛА-гийн Товчооны гишүүнээр сонгогдон ажиллаж байна, энэ оны  тавдугаар сард Ерөнхийлөгч болсон.

Кароль Хьюн, канадын бөх, 2008 оны Бээжингийн олимпийн наадмын алт, 2012 оны Лондонгийн олимпийн наадмын хүрэл медальт, Умард Вьетнамаас гаралтай хятадын иргэдийн охин, Канадын Британы Колумб мужид төрсөн. Удахгүй Будапешт хотод болох ДАШТ-ний үеэр түүний нэрийг ФИЛА-гийн Алдрын танхимд зална.

Лиза Легранд, Францийн бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, 2004 оны Афиний олимпийн наадмын хүрэл медальт, тэрчлэн 1996 оны ДАШТ-ний хүрэл медальтай.

Даниэль Игали, канадын бөх, 2000 оны Сиднейн олимпийн наадмын 69 кг-ын жингийн аварга, Нигери улсад төрж 1994 онд Канад удсад дүрвэн очсон, өнөөдөр Нигери улсын мужийн парламентын гишүүн, Нигерийн бөхийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.

Жим Шир, 2005-2009 онуудад Америкийн олимпийн хорооны ерөнхийлөгчөөр, 1990-2009 онуудад Америкийн бөхийн холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, 2015 онд Азербайжан улсын нийслэл Баку хотод болох Европийн анхны спортын наадмын ахлах зааварлагчаар ажилаж байна.

Д.ӨЛГИЙСАЙХАН
МЧБХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж