“Нарантуул”-ын харуулын ажилтнуудыг цагдан хорьжээ

Хуучирсан мэдээ: 2013.08.31-нд нийтлэгдсэн

“Нарантуул”-ын харуулын ажилтнуудыг цагдан хорьжээ

“Нарантуул” олон улсын худалдааны төвийн хүнсний захад наймдугаар сарын 23-нд гал гарч, барилга бүхэлдээ шатаж, нэг хүний амь эрсдэн, 400-гаад түрээслэгч хохироод байгаа билээ. Гал гарсан шалтгаан, нөхцөлийг тодруулахаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэст мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм.

Хэргийн шалгалтын явцын талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргалаас тодрууллаа.

-“Нарантуул”-д гарсан галын хэргийг шалгах явцын талаарх мэдээлэл өгнө үү. Гал гарсан шалтгаан, дүгнэлт хэзээ гарах вэ?

-“Нарантуул” олон улсын худалдааны төвийн хүнсний захад гарсан галын шалтгаан нөхцөлийг тогтоогоогүй байна. Одоогийн байдлаар 200 орчим түрээслэгчийг хохирогчоор тогтоож, хохирлын хэмжээ буюу нэхэмжлэлийг бүртгэж аваад байна. Бидний тооцоолсноор цаашид хохирогчдын тоо 400 орчимд хүрэх байх. Мөрдөн байцаалтын явцад 40 гаруй хүнээс гэрчийн мэдүүлэг авсан. Мөн 10 төрлийн 50-60 шинжилгээ хийж, мөрдөн байцаалтад дүгнэлт гаргаж өгөх шаардлагатай байгаа. Өнгөрсөн хугацаанд гал гарсан объектод дөрвөн удаа үзлэг, шалгалт хийсэн. Онцгой байдлын газраас шатсан хана, дээвэр, шал зэргийг аюулгүй болгож,  шилжүүлсний дараа дахин шалгалт хийнэ.

-Одоогийн байдлаар нийт хохирлын хэмжээ хэдэн төгрөгт хүрээд байна вэ?

-Нийт хохирогчдын тоо, хохирлын хэмжээг нэгтгэж гаргасны дараа хохирлын хэмжээг хэлэх боломжтой болно.

-УЕПГ-аас “Нарантуул”-ын галын хэрэгт долоон хүнийг цагдан хорьсон гэж мэдээлсэн. Нэмж хүн сэжигтнээр татсан уу?

-Энэ хэрэгт нийт дөрвөн хүнийг сэжигтнээр тооцон, саатуулаад байгаа гэх мэдээлэл надад ирсэн. Тодруулахад, тус худалдааны төвийн хамгаалалтын албаны гурван ажилтан, нэг цахилгаанчныг сэжигтнээр татан, байцаалт авч байна. Энэ хэрэгт УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуугийн эхнэрийг шалгасан асуудал байхгүй.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж