Хавар 5-6 дугаар сард нийт нутгаар сэрүүн, 7-8 дугаар сард бороо үргэлжлэн орсны улмаас тарианы болц урьд жилүүдийнхээс 5-8 орчим хоногоор оройтож болзошгүй байгаа бөгөөд нийт ургацын 80 хувь нь аарцан болцын эхэн болон дунд үедээ, 20 хувь нь сүүн болцын төгсгөлийн үедээ ороод байна. Энэ нь цаг агаар харьцангуй тааламжтай байвал есдүгээр сарын эхний арав хоногт багтаж тариа хураалтын ажил жигдрэх боломжтой гэсэн үг юм. Ойрын өдрүүдэд хөрсөн дээр цочир хүйтрэх төлөвтэй байгаа тулд болц дутуу таримлыг хяруунаас хамгаалах, төмс, хүнсний ногоог хайрагдахаас сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлийг орон нутагт хүргүүлээд байгаа юм.
Энэ онд ургацын урьдчилсан балансаар 420 мянган тонн үр тариа, үүнээс 400 мянган тонн буудай, 210 мянган тонн төмс, 100 мянган тонн хүнсний ногоо, 65 мянган тонн тосны ургамал, 21 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тооцож байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.