Баярлуулан гомдоох уу?

Хуучирсан мэдээ: 2013.08.31-нд нийтлэгдсэн

Баярлуулан гомдоох уу?

Инфляци буурч байгаа гэдэг мэдээлэл иргэдийг баярлуулж байсан ч ам.долларын ханш өсч төгрөгийн ханш унаж байгаа гэдэг муу мэдээ импортоос хэт хараат монголчуудыг гомдоож орхисон. Уг нь үйлдвэрлэгч орон байсан бол төгрөгийн ханш сулрах нь бараа бүтээгдэхүүний үнийг буулгах, дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих завшаан болохсон. Гэтэл импортоос хараат улсын хувьд байдал яг эсрэгээрээ болчихоод байна.
 
Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд эрс муудаж, гадаадын хөрөнгө оруулалт саарч байгаатай холбоотой ам.долларын орж ирэх “хаалга” бага багаар хаагдаж, зах зээлд эргэлдэх ам.доллар багассаар л. Монголбанкнаас төгрөгийн тогтвортой байдлыг хангах үүднээс валютын нөөцөөсөө их хэмжээний интервенц хийж байна. Гэхдээ энэ нь тийм ч таатай санаа биш гэдгийг эдийн засагчид сануулсаар байгаа. МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор Б.Эрдэнэбат “Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих замаар валютын нөөцөө зузаатгах нь илүү оновчтой. Түүнээс биш валютын нөөцөөрөө интервенц хийх нь сайн хувилбар биш. Нөөц багасах тусам Монголбанк бодит ханшаа алдах магадлал өндөрсөнө” гэв. Гадаадын хөрөнгө оруулалт зогсонги байдалд орж эдийн засаг эвгүйтээд байгаа энэ үед экспортод гаргаж байгаа эрдэсийн бүтээгдэхүүний орлого тасалдаж эхэлсэн. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар гадаад худалдааны тэнцэл энэ оны долоодугаар сарт 1.3 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 98.4 сая ам.доллар буюу 6.9 хувиар буурсан байна. Мөн гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 467.5 сая ам.доллар буюу 7.2 хувь, үүний дотор экспортын хэмжээ 184.5 ам.доллараар буурсан байна. Экспорт багасч олсон орлогогүй байтал төгрөгийн ханш энэ оны эхэн үеийнхээс 13 хувиар доошлосон гэх. Төгрөгийн ханш сулраад ирэхээр “ноён ногоон”, юань зэрэг валютын ханш төдий чинээ чангарч байна. Ингээд ирэхээр импортын бараа бүтээгдэхүүний үнэ өсөх нь ойлгомжтой. Дээрээс нь хичээлийн шинэ жилтэй холбоотой худалдаачдын лангуу руу бэлэн мөнгө урсдаг цаг. Энэ үед инфляци хаачих вэ. Хэдийгээр долоодугаар сард суурь инфляци жилийн 7.4 хувьтай гарсан хэдий ч мөнгөний бодлого богино хугацааны зээлийн хүүг бууруулах замаар эдийн засгийн өсөлтийг дэмжих горимд шилжсэн нь инфляцийг эргээд хөөргөдөх бий. Импортоос хараат дээрээс нь олсон орлогогүй монголчууд инфляци бага байна гэж баярлах ч ирээдүйд онд мэнд орж чадахсан болов уу.
 

 Э.ЗОРИГТ
Эх сурвалж: "MONGOLIANECONOMY" сэтгүүл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж