Венецид очих ч шаардлага алга

Хуучирсан мэдээ: 2013.08.31-нд нийтлэгдсэн

Венецид очих ч шаардлага алга

Улаанбаатарт амьдарч байгаа бид үнэхээр азтай юм аа. Дэлхийд гайхагдсан хотууд руу явах шаардлага ч алга байна шүү дээ. Ойрын үед бороо их орсноос болж зам, талбай усаар дүүрч усны гайхамшгийг ч нэг үзүүлж байна даа. Италийн Венецэд очиж завиар явж байж хот дундах усны гайхамшгийг мэдрэхтэй харьцуулах ч юм биш. Юун Английн Лондонд очиж бороог мэдрэх. Тэр бүхнийг Улаанбаатарынхтай харьцуулахад юу ч биш. Улаанбаатарт бол завин дээр суухын оронд усны гутал өмсөөд л гайхамшгийг мэдэрч болно. Биеэрээ гэх үү дээ.  Замуудыг дүүргэсэн усыг соруулах шаардлага байгаа ч юм уу, үгүй ч юу мэдэхгүй юм. Ус туучаад гадуур явж байгаа хүмүүсийг харах сайхан л сэтгэгдэл төрүүлж байна. Тэднийг хараад усны гутал авч, ус туучмаар санагдаад эхэлж байхад л замын усыг соруулж байна гээд дуусгачих юм. Хэд хоног ч гэсэн ус туулах боломжийг иргэддээ олгох ёстой биш үү. Машинтай хүмүүст хэцүү байна гэж үү. Тэгвэл тэр хүмүүст хандаж “Усны гутал, шүхэр худалдаж аваад бороотой үед машинаа тавь” гэж зөвлөмөөр байна. Тэгэхгүй бол хэдхэн хоногийн дараа л гэхэд энэ ангасан хөрс борооны усыг уучихсан юм шиг шингээгээд алга болгочих гээд байна шүү дээ.

Амжиж усыг мэдэрцгээе. Үүнийхээ хажуугаар усны гутал, шүхэр зардаг хэдэн бизнес эрхлэгчдээ ч дэмжчихнэ гэж байгаа. Нөгөөтэйгүүр татварын мөнгийг хэмнэнэ. Зам дээр тогтсон усыг соруулж мөнгө төгрөг үрж байхаар асуудлыг ингээд л шийдчихэж яагаад болохгүй гэж. Цаашлаад энэ бүхнийгээ Улаанбаатарын имиж болгож чадвал Венец, Лондонг зорьдог жуулчид Улаанбаатарт цуглах байх даа. Гэхдээ үүний тулд нэлээд ажиллагаа хэрэгтэй. Эхний ээлжинд дээрх зөвлөгөөг дагаад явахад ч алзахгүй дээ.

Цаг хугацаа өнгөрөх тусам “Бороотой Улаанбаатар” “Устай Улаанбаатар” гээд л жуулчид мэддэг болчихвол мөн ч их мөнгөний урсгал нэмэгдэх биз. Ер нь Байгаль очин, ногоон хөгжлийн яам болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрынхан энэ бүхнийг анхааралдаа авахад илүүдэхгүй биз. Хогтой, утаатай, шороотой биш бороотой Улаанбаатар болгох гээд үзвэл ямар вэ.

Н.САНЖААСҮРЭН
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж