Энэтхэгийн эдийн засгийн өсөлт алгуур байна

Хуучирсан мэдээ: 2013.08.31-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн эдийн засгийн өсөлт алгуур байна

Азийн томоохон эдийн засгийн нэг болох Энэтхэгийн эдийн засгийн өсөлт тун алгуур байна. Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын эдийн засаг 4,4 хувиар өссөн бол саяхан гаргасан судалгаагаар эдийн засгийн өсөлт нь 4,8 хувийг заасан байна. Мэргэжилтнүүд үүнийг уул уурхай болон аж үйлдвэрийн салбарын савлагаатай байдалтай холбон тайлбарлаж байгаа юм. Энэ жилийн тухайд дэлхий даяар уул уурхайн салбар тогтворгүй байгаа билээ. Үүний давалгаа ч Энэтхэгт нөлөөлсөн байна. Мөн тус улсын аж үйлдвэрийн салбар сүүлийн гурван жилд байгаагүй муу үзүүлэлт үзүүлээд байгаа юм. Энэтхэгийн эдийн засаг ийнхүү 2009 оноос хойшхи хамгийн доод төвшиндөө хүрээд байна. “Энэ бол Засгийн газарт өгч байгаа бас нэгэн сануулга болов уу. Ямар ч байсан одоо эдийн засгийн бодлогоо өөрчлөх цаг нь болсон. Бид дэндүү алгуур байна. Бодлого боловсруулагчид нэн даруй ямар нэгэн арга хэмжээ авах ёстой. Хэрвээ манай эдийн засаг хямарвал бүх Ази даяар нөлөөлнө. Тиймээс бид хором ч хугацаа алдаж болохгүй” гэж Энэтхэгийн үйлдвэрийн холбооны захирал Чандражит Банержи ярьжээ. Энэтхэгийн Сангийн сайд улс оронд гараад байгаа эдийн засгийн асуудлыг дүгнэхдээ 1991 оноос хойш ирж байгаа томоохон хямрал хэмээн тодорхойлоод байгаа юм.

Энэ долоо хоногийн эхэнд Ерөнхий сайд Манмоха Сингх ойрын хугацаанд эдийн засгийн өсөлтийг сайжруулах боломж болоод засгийн газрын нөөц хөрөнгөд бүрдээд байгаа хөрөнгө, түүнийг нэмэлт үйл ажиллагаанд зарцуулах талаар засгийн газрын онцгой хуралдааныг зарлан хуралдуулах шийдвэр гаргасан билээ. Тэд энэ амралтын өдрүүдэд онцгой хуралдаанаа хийх аж.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж