
-Гал хэрхэн гарсан талаар мэдээлэл өгнө үү. Барилгын аль хэсэгт гал гарсан бэ?
-“Сандэй” худалдааны төв нь 2009 онд ашиглалтад орсон, долоон давхар, төмөр бетонон караказан хийцтэй, хөөсөнцөр дулаалгатай, ханыг хөнгөн блокоор барьсан, сэндвичин ханатай, авралтын гурван гарцтай барилга юм. Энэ барилгад гал гарлаа гэх дуудлага өчигдөр 22.32 цагт ирсэн. НОБГ-ын гал унтраах гурван анги, мөн гэрэл холбооны автомашин, шатны автомашин нэмэлтээр ажилласан. Ингээд 22.40 цагт гал гарсан объектод очсон байгаа. Дуудлагын дагуу очиход дээврийн давхар шатаж байсан. Барилгын долдугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг цайны газрын яг дээд талын дээврийн хэсэгт буюу 2×20 хэмжээтэй газарт гал гарч байсан. Мөн салхивчны өрөөнд гал гарч байсныг цаг алдалгүй унтраасан байгаа. -Түрээслэгчдийн бараа, бүтээгдэхүүн галд өртсөн үү?
-Нийслэлийн онцгой комиссын бүрэлдэхүүн түргэн шуурхай арга хэмжээ авснаар гал түймрийг хурдан хугацаанд унтраасан. Долдугаар давхрын хоёр цайны газар галд өртсөн. Доод талын давхрууд руу ямар ч гал, утаа, ус ороогүй. Нэг ч түрээслэгчийн бараа, бүтээгдэхүүн гал, утаанд өртөөгүй гэдгийг онцлон хэлмээр байна. Галын нөхцөл, шалтгааныг тодруулахаар Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс ажиллаж байна. Яг одоо тус худалдааны төв хэвийн үйл ажиллагаа явуулж байна.
-Тус худалдааны төвийг гэнэтийн осол, галын аюулаас урьдчилан сэргийлэх ямар нэгэн багаж, хэрэгсэлгүй гэж мэдээлж байсан. Энэ үнэн үү?
-Онцгой байдлын албадаас “Сандэй” худалдааны төв байгуулагдсан цагаас нь хойш галын аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх үзлэг, шалгалт хийж, 2010, 2011, 2013 онд хариуцлага тооцож байсан. Шалгалтаар нэлээд зөрчил илэрсэн. Тодруулбал, тус худалдааны төв нь анхны зураг төслийн дагуу баригдаагүй, барилгын зураг төслийг өөрчлөхдөө холбогдох байгууллагуудад мэдэгдэж, зөвшөөрөл аваагүй, авралтын зам гарцыг хаасан, урсдаг шат болон хоёр талын шатыг хааж лангуу байрлуулсан, шатны хонгилуудад утаа үл нэвтрэх хаалт хийгээгүй болох нь илэрсэн. Мөн гадна талын нүүрний хэсэг буюу бүх цонхыг төмөр хийцээр хааж, торлосон нь гаднаас нь авралтын ажиллагаа явуулах боломжгүй болгож байгаа юм. Зарим газарт цахилгааны монтаж, холболт хийгээгүй, гал мэдрэгч суурилуулсан хэрнээ гал унтраах төхөөрөмж суурилуулаагүй. Мөн ослын үед гарцыг заах ослын гэрэлтүүлэггүй байсан. Энэ нь ослын үед хүн ам олноор үрэгдэх үндэс болдог. Мөн худалдааны төвд гал унтраах усан хангамж байхгүй байсан.
-Энэ зөрчлүүдийг арилгуулах тал дээр танай байгууллагаас ямар нэгэн арга хэмжээ авч байсан уу?
-Онцгой байдлын газраас өөрсдийн эрх мэдлийн хүрээнд 2012 онд тус худалдааны төвд 250 мянган төгрөг, 2013 онд худалдааны төвийн гурван албан тушаалтанд 180 мянган төгрөгийн торгууль ногдуулж байсан. Мөн 2013 оны дөрөвдүгээр сард тус худалдааны төвийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр хүргүүлсэн. Үндсэндээ “Сандэй” худалдааны төвийн үйл ажиллагаа зогссон байх ёстой.
-Үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гарсан байтал ямар учраас үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд байсан юм бол?
-Үйл ажиллагааг нь шууд зогсоох гэхээр 800 гаруй түрээслэгчийн эсэргүүцэлтэй тулгардаг. Хэрэв худалдааны төвийг хаавал орлогоо алдана гэхээс эмээж ийнхүү эсэргүүцдэг. Түрээслэгчдэд хандаж эхлэхэд түрээсийн гэрээндээ гэнэтийн ослын улмаас гарах хохирлын тухай сайтар бодож, судалж, тусгаж өгөх хэрэгтэй.